Манай улс бол Ардчилсан орон. Энэ ч утгаараа төв талбайд олон мянган иргэд цуглах, жагсаал хийж үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байдаг. Иймд төв талбайд цугласан иргэдийг хянах, зохицуулах, хамгаалах ажлыг зохион байгуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа юм. Үүний дагуу төв талбайд камеруудыг байршуулсан байдгийг хэн бүхэн мэднэ. Камер нь тус хэсгээр зорчин өнгөрөх иргэд, цугласан олон түмнийг хянах, аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна.
ВИДЕО:
Тэгвэл энэхүү камер нь "Hanwha techwin Wisenet" гэх Солонгос үйлдвэрийн TNO-7180RLP маркийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий камер байх магадлалтай байна. Энэхүү камерын онцлогоос дурдвал харанхуй үед ч тодорхой үзэгдлүүдийн дүр зургийг маш нарийн гаргах боломжтой, өөр дээрээ санах ойн үүртэй байх бөгөөд сүлжээ тасалдсан тохиолдолд 128 ГБ хүртэлх видео болон бусад өгөгдлийг камер дээрээ хадгалах боломжтой аж.
Мөн энэ камер хиймэл оюун ухаантай гэдгээрээ онцлог бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар одоо болон ирээдүйн хамгийн сайн хяналт, хамгаалалтын техник хэмээн үзэж байгаа юм. Тодруулбал “Deep Learning” видео шинжилгээ нь хүмүүс, тээврийн хэрэгсэл, хүний нүүр царай, автомашины улсын дугаар зэргийг таних AI Wisenet алгоритмаар дэмжигддэг байна. Энэ нь хүний хувцас, хүйс, насны бүлэг зэргийг нарийн тогтоох, зорчин өнгөрч буй иргэдийг тоолох, масктай байсан ч царайг таньж илрүүлэх зэрэг үйлдэлтэй байдаг. Ойролцоогоор 1500 долларын үнэтэй байна.
Олон улсын жишгээр улс орны төв талбайд ард иргэдийг болзошгүй аюулаас сэргийлэх, хамгаалах, хянах техник, хэрэгсэл зайлшгүй байдаг. Байх ч ёстой. Жагсаал цуглааны үеэр Сүхбаатарын талбайд машин нэвтрүүлсэн хэд, хэдэн тохиолдол гарсан. Энэ нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй байсан учраас 2020 онд төв талбайн зах хэсгээр дөрвөлжин чулууг байрлуулсан. Гэвч иргэд шүүмжилсээр төд удалгүй төв талбайгаас холдуулсан байдаг.
Энэхүү төв талбайд байрлуулсан хүний царайг таньж, хэн болохыг тогтоож байж болохуйц камерыг бид аль нэг өнгөөр нь буруутгаж эсвэл зөвтгөх гэсэнгүй. Ямартай ч төв талбайгаар зорчин өнгөрч буй хүмүүс, жагсаал цуглаан хийж буй иргэдийг нарийн тоолох, нас, хүйсийг тогтоох, бүр цаашилбал иргэдийн хувийн мэдээллийг энэхүү хиймэл оюун ухаантай камераар нарийн тогтоож, хянаж байж болзошгүй гэдгийг иргэдэд мэдүүлэхийг зорилоо.