БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1, 2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээг байгууллаа

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1, 2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээг байгууллаа

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар "Солонго-1 орон сууцны хороолол барих төсөл”-ийн гэрээг байгууллаа.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын орон сууцны цогц хороолол барих юм.

Тодруулбал, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1, 2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар нийслэлийн ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууц барих төслийн барилга угсралтыг эхлүүлэхээр болж байгаа юм. Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 40 сарын хугацаанд барих аж.