Тэргэнцэртэй иргэн Д.Батхуяг 600 гаруй км замыг туулж, Улаанбаатар хотод ирлээ

Тэргэнцэртэй иргэн Д.Батхуяг 600 гаруй км замыг туулж, Улаанбаатар хотод ирлээ

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор  Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорьж яваа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2023.08.30/ нийслэлийн төв талбайд ирлээ.

Тэрбээр 21 хоногийн хугацаанд таван хүний бүрэлдэхүүнтэй 600 гаруй километр туулж ирсэн юм.

Д.Батхуяг, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль тогтоомжийг тэгш хүртээх хэрэгтэй. Монголын хаана ч байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэж хуулиа биелүүлэх ёстой. Тиймээс шийдвэр гаргах түвшний хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэх, эрхийг нь бодит болгохоор явж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр тэтгэмж, халамж аваад хэвтдэг хүмүүс биш. Бид хөдөлмөр эрхлэх эрхтэй. 

Байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй, ажлын чадваргүй хүмүүсийн халамж, тэтгэмжийг нь нэмэх юм. Харин хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүсийг ажлын байртай болгох нь зөв. Гэтэл үндэсний хэмжээнд дээрх зүйл хэрэгждэггүй. Дорнод аймаг 4,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй. Түүнээс 3,000 нь хөдөлмөр эрхлэх боломжтой. Гэвч 200 гаруй нь л ажилтай байна. Иймэрхүү зүйлд бодлогоор анхаармаар байгаа юм.

Бид 200-300 мянган төгрөгийн халамж аваад яах юм бэ. Нэг сая төгрөгийн цалин авдаг ажил хиймээр байна. Энэ асуудлуудыг хүргэхийн тулд тэргэнцэртэй марафоныг эхлүүлж зорьсондоо хүрлээ. Бид чадна гэдэг уриатай хөдөлсөн. Харин буцахдаа бид чадсан гэдэг уриатай явах болно" гэлээ.