ЦЕГ: Он гарсаар бага насны хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн

ЦЕГ: Он гарсаар бага насны хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдийн зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.08.30/ мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир8 "Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед хүүхдийн аюулгүй байдалд  анхаарах нь чухал. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хүүхдээр нь хичээл, цэцэрлэгээс нь авхуулдаг, цаашлаад асран хамгаалагчгүй сургуульд явуулах асуудал их байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхдүүд осол гэмтэлд өртөх, бэртэж гэмтэх тохиолдол их гарч байна. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард зам тээврийн осолд 86 хүүхэд өртсөн. Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар бага насны хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн. Ослын улмаас нийт 435 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, гэмтээд байна. Нөгөө талаас хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрэм журмыг сахих чадвар сул байдаг. Ийм ч учраас жолооч иргэд сургуулийн бүс орчимд аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцох нь чухал" гэлээ. 

Түүнчлэн их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс "Хичээл Эхэллээ" арга хэмжээг наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл зохион байгуулах юм.