Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийг БНХАУ-д өгч, улмаар тус улсын зэргийн анги монголд орж ирсэн гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Ингэхдээ иргэдийг зэвсэгт бослогод уриалан дуудсан байж болзошгүй мэдээллийг түгээсэн юм. Иймд ХХЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ.
ХХЕГ-ыг төлөөлөлүүд, "Монгол Улсын хилийн тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш зэргэлдээд тодорхойлж, улсын хил халдашгүй дархан байна гэж бичигдсэн байдаг. Манай улс шугаман хилтэй улс. 1962 онд БНХАУ-тай хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд газар орноо тогтоож хилийн протоколоо үйлдэж 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн халдашгүй дархан хилтэй. Хилийг 20 жилд нэг удаа шалгадаг. Улсын хил хорин жилд үер усны болон газар хөдлөлтөөс үүдэж бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Сүүлд 2002-2004 онд улсын хилийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан шалгаж тодорхойлоход 3-5 см гажилттай гэж гарсан. Одоо 2024-2026 онд гурав дахь удаагийн шалгалтыг хийнэ. Улсын хилийн шугам бол олон улсад бүртгүүлсэн учир ямар ч хөдөлгөөнд орохгүй. Мөн хилийн дэглэмийн гэрээгээр нутаг дэвсгэр улсын хилийн халдашгүй дархан байдлыг олон улсын дүрэм, зарчимд тулгуурлан хамтран хамгаалдаг.
Өнөөдөр цахим сүлжээнд мэдээлэл гарсан. Үүнд манай хилчид харамсаж байна. Улсын хил дээр хоногт 4-5 мянган залуус 24 цагаар хилийн зөрчил гарахгүй байхын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл энэ мэдээнд Монгол Улсын ерөнхийлөгчийг газар нутгаа Хятадад зарсан мэт болгож, МУ-ын газар нутагт хятадын цэргийн анги салбар байрласан мэт бичсэн байна. Наад захын эрхзүйн мэдлэггүй мянга мянган хилчдийг үгүйсгэж, МУ-ын Ерөнхийлөгчийг үгүйсгэж мэдэгдэл хийсэнд их харамсаж байна. Иймд бид өнөөдөр ТЕГ болон УЕГ-ын дарга нарт хандаж энэ хүмүүс яагаад дайсагнан бутаргах үйл ажиллагааг явуулж байгааг тодруулж, шалгаасай гэж хүсэж байна. Хоёр улсын харилцаа маш эмзэг, хил дээр тогтож байдаг харилцаатай гэж болно. Тиймээс хилийг үл хүндэтгэж бусдыг хэлмэгдүүлсэн мэдээлэл гаргасанд харамсаж, иргэдийг ийм зүйлд автахгүй байхыг хүсэж байна. Хамгийн сүүлийн мэдээлэл цагдаа нар энэ мэдээллийг тараасан хүнийг илрүүлэн шалгаж байна гэсэн мэдээлэл өгсөн" гэлээ.
ҮЗЭХ: