Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийг БНХАУ-д өгч, улмаар тус улсын цэргийн анги монголд орж ирсэн гэх иргэдийг зэвсэгт бослогод уриалан дуудсан байж болзошгүй мэдээлэл цахим орчинд цацагдсан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хууль зүйн яам өнөөдөр /2023.08.31/ мэдээлэл хийлээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар, "Олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын ерөнхийлөгчийн тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай хилийн отриадыг Гурвантэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хяналтаас гаргаж БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн мэт ташаа мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг эрүүгийн цагдаагийн газар болон тагнуулын ерөнхий газраас холбогдох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Ямар нэгэн байдлаар Монгол уүлсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй гэдгийг онцлон хэлье. Хоёрдугаарт Монгол Улс БНХАУ-тай 1962 онд хилийн гэрээ байгуулж, 1964 он хүртэл хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д манай урд хил бүртгэгдсэн.
Өөрөөр хэлбэл манай улс болон БНХАУ-ын хил зааг НҮБ-д бүртгэгдсэн, өөрчлөх боломжгүй байдаг гэсэн үг.
Энэ жил ОХУ-тай хиллэж буй бүх эргэлтийн цэгүүдийг харилцан тэмдэглэж протокол хөтлөх ажил эхэлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хил хязгаар тайван, ямар нэгэн зөрчилгүй байгаа гэдгийг нэмж хэлье" гэсэн юм.