Н.Энхбаяр: О.Баасанхүү хүний захиалгаар ажилладаг хүн

Н.Энхбаяр: О.Баасанхүү хүний захиалгаар ажилладаг хүн

Өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцсэн, энэ үеэр “Авилгын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүнийг ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” санал О.Баасанхүү нарын гишүүдээс гарч, дэмжигдсэн юм. Харин хуулийн тус заалт чуулганаар батлагдсан тохиолдолд нэр бүхий зарим хүмүүс ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодрууллаа.

-Сонгуулийн тухай хуульд авилгын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт байнгын хорооны хуралдаанд орж дэмжигдлээ. Энэ заалт батлагдвал та ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүснэ. Улс төрч хүний хувьд энэ заалтыг хэрхэн харж байна вэ? 

-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахлагч Д.Тогтохсүрэн даргын бидэнд өгсөн мэдээллээр О.Баасанхүү гишүүн ажлын хэсгийн гишүүний хувьд “албан тушаалын болон авилгын асуудал”-аар санал хураалгаад гишүүдийн олонх дэмжсэн юм байна. Энэ бол мэдээж ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнд зориулсан заалт гэдэг ойлгомжтой. Намайг тухайн үед МАНАН байхдаа хэлмэгдүүлж, шоронд оруулж, дараа нь 2012 онд намайг боловсролгүй гээд, 2016 онд ялтай гээд 2017 онд хүмүүжилгүй гээд сонгуульд оролцуулаагүй. Одоо тэрийгээ ашиглаад авилгын хэрэгт, эвсэл албан тушаалын хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд оролцуулахгүй гэдэг маягаар зориуд надад зориулсан хуулийн зүйл заалт оруулж байна. 

Бид сонгуулийн сонгогдох эрхийг баримтлах ёстой, насан туршид нь хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Энэ бол сонгуулийн хуулиар шинэ ял оноож байна. Эрүүгийн хуулиар байхгүй болцон ялыг сонгуулийн хуулиар оногдуулж болохгүй. 

-Тухайлбал?

-2008 онд Үндсэн хуулийн цэц сонгуулийн хуулийн ийм асуудлаар энэ мэт янз бүрийн хязгааруудыг авч хэлэлцээд, тухайн хүнийг насан туршид нь сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн дүгнэлт гарсан бол УИХ-ын гишүүд хүлээж авах ёстой. Би ганц өөрийнхөө төлөө биш сонгогдох эрх гэдэг Үндсэн хуульд заасан эрхийн төлөө явж байна. УИХ дээр нэг хүн рүү чиглэсэн ийм заалт явах ёсгүй гэж үзэж байна. 

-О.Баасанхүү гишүүнтэй танай нам дотооддоо учраа олж болохгүй байгаа юм уу? 

-Би хүний сонгогдох эрхийн тухай ярьж байна. О.Баасанхүү хүний захиалгаар ажилладаг хүн. Тийм учраас О.Баасанхүү маань хүний сонгогдох эрхийг хясан боогдуулж, МАХН-аас нэр дэвшчээд намынхаа эсрэг ийм үйл ажиллагаа хийж байгаад би үнэхээр харамсаж байна. Энэ бол хоёр хүний маргаан, нам дотроо ойлголцох тухай асуудал биш Монголын үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн тухай ярьж байгаа юм. 

Сая та дараалсан уулзалтууд хийлээ. Танд яг ямар тодорхой хариултууд өгсөн бэ? 

Миний асуудлыг шийдэхээс өөр аргагүй юм байна гэж бий ойлгож байгаа. Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан учир “Тантай сайхан муухай харилцаатай байх нь хамаагүй. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бид харгалзаж үзэж, хуулиа батлах ёстой юм байна” гэсэн.