Л.Энх-Амгалан: Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн 20 сургууль л багш бэлтгэнэ

Л.Энх-Амгалан: Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн 20 сургууль л багш бэлтгэнэ

Өнөөдөр /2023.09.01/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны  сайд Л.Энх-Амгалан "Энэ хичээлийн жилд Боловсролын багц хуулийг хэрэгжүүлнэ. Уг хуулиар хот хөдөө, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг хийнэ. Мөн хөтөлбөрөө шинэчилнэ. Цаашлаад багш бэлтгэх тогтолцоо, ажлын байран дахь хөгжил, цалин хөлс, нийгмийн баталгааны хувьд ч тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Боловсролын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байгаа. Цахим шилжилж, боловсролын салбарыг улс төрөөс холдуулах зэрэг шинэчлэл явагдаж байна. 

Багшийн мэргэжлээр суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэрүүдийг гаргасан. Энэ нийгэмд нэлээн хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид боловсролын салбарт хүртээмжийг нэмэгдүүлэхэд ажилласан. Тухайлбал, өнгөрсөн жил бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэдэг хүүхдүүдийг онцгойлон анхаарч, бодлогын шийдвэрүүдийг гаргаж байна. Нэгэнт хүртээмжийн асуудлыг шийдсэн учир үргэлжлүүлэн чанартай боловсролд анхаарна. 

Чанартай боловсрол гэдэг нь чанартай багшаас шалтгаална. Тиймээс багшаа бэлтгэх тогтолцооноос ажлаа эхлүүлж байна. Багш мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс дааж буй нь халамж биш бодлогын шийдвэр. Цаашид багшийн нийгмийн баталгааны асуудалд анхаарна. Хариуцлагатайгаар хэлэхэд, Монгол Улс багшийн хомстолд ороогүй. Багшийн хомсдолоос үүдэн нэг ч хүүхэд хичээл завсардаагүй. Дурын сургууль багш бэлтгэхгүй. Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн 20 орчим сургууль л багш бэлтгэнэ" гэлээ. 

ҮЗЭХ