Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн цэнгүүн “Сити” цамхгийн “Хөвсгөл Лэйк” ресторанд болж оны шилдгүүдээ шагнаж урамшуулсан байна.
Шинэ жилийн цэнгүүнд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчид болон багш дасгалжуулагч, бөхийн зүтгэлтнүүд, шүүгчид оролцов. Энэхүү баярын үеэр 2019 оны Казахстаны Нур-Султан хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпын наадмын эрхээ авсан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгт 15 сая төгрөгөөр шагнасан юм.
Харин ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдор, Б.Болортуяа, залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударь нарыг тус бүр тав, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Ө.Пүрэвсүрэнд дөрөв, хүрэл медальт Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нарт гурав, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэлийг нэг сая төгрөгөөр шагнажээ.