Пап Францис "И.Паул агсны биелээгүй нэг хүслийг биелүүлж, мөн Монгол Улсыг шашны эрх чөлөөтэй орон" хэмээн айлчлал хийв үү

Пап Францис "И.Паул агсны биелээгүй нэг хүслийг биелүүлж, мөн Монгол Улсыг шашны эрх чөлөөтэй орон" хэмээн айлчлал хийв үү

Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстой гэж заасан. 

-МОНГОЛЧУУДЫН 59,4 ХУВЬ НЬ ШАШИН ШҮТДЭГ, 40,6 ХУВЬ НЬ ШАШИН ШҮТДЭГГҮЙ ГЭСЭН СУДАЛГААНЫ ДҮН ГАРЧЭЭ-

Энэ ч утгаараа Монгол Улсыг “шашны эрх чөлөө”-тэй хэмээн үздэг тус Пап Францис манай улсад айлчлал хийж байна. Харин түүний мөргөлд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс католик шашинтай хүмүүс Улаанбаатар хотыг зорин ирээд байна.

Тэгвэл АНУ-ын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сард явуулсан судалгаагаар Монгол Улсын нийт 3.2 сая хүн амын 15-аас дээш насны хүмүүсийн 59,4 хувь өөрсдийгөө шашин шүтдэг гэж тодорхойлсон бол 40,6 хувь нь  ямар нэг шашин шүтдэггүй гэжээ.

Шашин шүтдэг хүмүүсийн 87.1 хувь нь  будда, 5.4 хувь нь мусульман, 4.2 хувь нь бөө, 2.2 хувь нь христ, 1.1 хувь нь  бусад шашин шүтдэг. Харин Монголын буддистуудын ихэнх нь Махаяана  урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай,  тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Роман католик, Ёховагийн гэрчүүд, Оросын үнэн  алдартны сүм, Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо /Эв нэгдлийн сүм/ зэрэг урсгалынхан болно” гэжээ. 

-РОМЫН ПАП АГСАН ИОХАН ПАУЛЫН БИЕЛЭЭГҮЙ НЭГ МӨРӨӨДӨЛ НЬ МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАХ БАЙЖЭЭ- 

Нөгөө талаар Пап Францис Ромын пап агсан II Иохан Паулын хүслийг гүйцэлдүүлж Монгол Улсад айлчлал хийж байгаа гэж дүгнэх хэсэг ч байгаа юм. Учир нь II Иохан Паул Дэлхийд энхтайван байдал тогтоохын төлөө, дайны эсрэг үйл ажиллагаагаараа маш их алдартай нэгэн байсан бөгөөд Зүүн Европт ардчилал тогтооход дэмжлэг үзүүлэх зэргээр шашны хүрээнээс гадуур үйл ажиллагаа явуулдаг, ардчиллыг дэмждэг дэлхийд нөлөөтэй нэгэн байсан гэдэг. 

Иймд II Иохан Паулын амь насыг хөнөөх гэсэн оролдлого ч хэд, хэдэн удаа явагдаж байжээ. Тухайлбал, 1981 оны тавдугаар сард Гэгээн Петрийн талбайд үг хэлж байхдаа тэрээр Туркийн иргэн хэт барууны үзэлтэй "Саарал чоно" бүлгийн гишүүн Мехмед Али Агжа-д буудуулж гэдсэндээ хүнд шархдаж байжээ. Харин түүнийг алах ажиллагааг Болгарын тусгай алба болон Зөвлөлтийн КГБ санаачилж зохион байгуулсан гэдэг.

Тэрээр Польшоос гаралтай анхны Ромын пап байсан бөгөөд пап байх хугацаандаа дэлхийн 130 гаруй оронд айлчилсан төдийгүй, ардчилалд шилжээд төд удаагүй байсан Монгол Улсад айлчлал хийх нь биелээгүй мөрөөдлийнх нь нэг байсан гэдэг.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд Италид айлчлах үеэрээ Иоанн Павелтай албан ёсоор уулзаж байжээ. Харин Пап Францисийн Монгол Улсад хийж буй айлчлалыг “Ромын папуудын айлчлал хийгээгүй үлдсэн шашны эрх чөлөө бараг ганц орон нь Монгол Улс бөгөөд мөн II Иохан Паулын биелээгүй нэг хүслийг гүйцэлдүүлж манай улсад айлчилж байна” хэмээн дүгнэх хэсэг ч байна.