Пап Францисийн Монгол Улсад хийсэн айлчлал өнөөдөр /2023.09.04/ өндөрлөж, тэрбээр нутаг буцлаа. Тэрбээр манай улсад дөрөв хоног саатсан бөгөөд энэ өдрүүдэд шашин хоорондын уулзалт, талархлын мөргөл зэрэг болсон юм. Мөн түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авсан бол, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхсан билээ.
Тэгвэл Пап Францис манай улсад айлчилсан сэтгэгдлээ өөрийн твиттер хуудастаа бичсэн байна. Тэрбээр, "Монгол дахь эрхэм ахан дүүс ээ, айлчлалын өдрүүдэд надад үзүүлж буй нөхөрсөг бэлэгт талархаж байна. Баярлалаа. Тэнгэрбурхан та бүхнийг ивээх болтугай. Та бүхэн миний зүрх сэтгэлд орших болно. Миний төлөө залбирч, бодолдоо намайг санахыг та нараас хүсье" гэжээ.