Монгол Улсын Гарди Ц.Бямба-Отгоны мялаалга наадам өчигдөр /2023.09.04/ Өвөрхангай аймагт болж өндөрлөлөө.
Мялаалга наадмын бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, 'Мөнхийн үсэг" ХХК-ийн бөх, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэжээ. Мөн Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгийн дөрөвт шалгарсан байна.
Сонирхуулахад, Улсын Гарди Ц.Бямба-Отгоны цолыг мялааж Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Өвөрхангай аймгаас төрөн гарсан нэр бүхий бизнесмэнүүд хамтран Тоёото Ланд круйзер-300 маркийн авто машин, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас “Өв гарден” ХХК-ийн хоёр өрөө шинэ байр, “Нутгийн буян” группээс Улаанбаатар хотод дөрвөн өрөө байр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Нутгийн зөвлөл, ЗДТГ, Арвайхээр сумын Нутгийн зөвлөлөөс иж бүрэн мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар бүхий хос шарга морийг тус тус бэлэглэжээ.