Үерийн даланг хааж барьсан "Шунхлай ШТС"-ыг буулгахаар үлдэгдэл бензин, түлшийг соруулж байна

Үерийн даланг хааж барьсан "Шунхлай ШТС"-ыг буулгахаар үлдэгдэл бензин, түлшийг соруулж байна

Үерийн далан, суваг, шуудууг хааж, өөрчилсөн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд байрлах “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ыг албадан буулгах Нийслэлийн засаг даргын захирамжийг наймдугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн.

Тус өдөр ШТС-ыг буулгах ажлыг эхлүүлж, аспальтан замыг хуулсан хэдий ч нураах ажил ахиц дэвшилгүй байсан. Тэгвэл өнөөдөр /2023.09.05/ тус ШТС-ын үлдэгдэл бензин, түлшийг соруулах ажлыг тус компаниас зохион байгуулж, НОБГ-аас газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар 42,000 литр бензин соруулж дууссан бөгөөд үлдэгдэл дизель түлшийг соруулах ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Аюулгүй байдлыг хангахын тулд хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болон станцын эрхлэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөн ажиллаж буй.