МСНЭ-ээс сэтгүүлч А.Баярмаад хамаарах гомдлоо цагдаагаас татаж авахыг Хотын даргаас ШААРДАВ

МСНЭ-ээс сэтгүүлч А.Баярмаад хамаарах гомдлоо цагдаагаас татаж авахыг Хотын даргаас ШААРДАВ

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар өөрийнх нь ажил албатай холбоотой зар оруулсны нь төлөө сэтгүүлчийг буруутгаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэдгийг Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаа мэдээлээд байгаа. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс шаардлага гаргажээ.
 
Тус шаардлагад "Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэвлэн нийтэлсэн агуулгынх нь улмаас хуулийн байгууллагаар шалгуулах гомдол хүсэлтийн дийлэнхийг улстөрч, албан тушаалтнууд гаргасаар ирсэн төдийгүй өнөөдөр хэвлэн нийтлээгүй мэдээллийнх нь төлөө сэтгүүлчийг эрүүгийн хуулиар шалгуулах хэмжээнд хүрснийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эсэргүүцэж байна.
 
“Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн АТГ-ын гадаа мэдээлэл хийх гэж буй тухай хэсэг иргэдийн хэвлэлийн хурлын зар”- ыг 2023 оны долдугаар сарын 25-ны өдөр хэвлэлийнхний мэдээллийн зарын чат группт Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаа нь оруулсныг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс өөрийн нь тухай худал мэдээлэл тараасан хэмээн хэмээн үзэж А.Баярмаа сэтгүүлчид Эрүүгийн хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаад гомдол гаргажээ.
 
Өндөр албан тушаалтан болох Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь өөрийнх нь ажил албатай холбоотой зар оруулсны нь төлөө сэтгүүлчийг буруутгаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа үйлдэл нь нэг талаас хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах гэсэн, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан, нөгөө талаас гомдох субъектээ илтэд андуурсан, Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан үйл явдал гэж хэвлэл мэдээллийн салбарынхан дүгнэж байна.
 
Аливаа ардчилсан улс оронд албан тушаалтан, түүний эрх мэдлийн хэм хэмжээг иргэд хянах нь тэдний үүрэг, оролцоо гэж үздэг бол манай улсад даргын талаар шүгэл үлээсэн иргэдийн хэвлэлийн бага хурал хийх тухай зарласных нь төлөө ялладаг байж болохгүйг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хатуу сануулж, сэтгүүлч А.Баярмаад хамаарах гомдлоо цагдаагаас татаж авахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хандан шаардаж байна" гэжээ. 



Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө