Нохдод хазуулсан эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нохдод хазуулсан эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Цахим сүлжээнд өчигдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр нэгэн иргэн нохдод боорлуулж, уруулж байхад нь хажуугаар нь гарсан автомашинтай иргэн түүнд тусламж үзүүлэхгүй өнгөрч буй бичлэг цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн.
 
Тэгвэл тухайн эмэгтэй 10 гаруй оёдол тавиулж, хүнд гэмтэлтэй Өмнөговь аймгийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. Гурван хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ" гэж мэдээллээ.