В.Путин, Ким Чен Ун нар оролцоно гэж буй Владивостокын чуулганд Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан төлөөлөл ОХУ-д оролцоно

В.Путин, Ким Чен Ун нар оролцоно гэж буй Владивостокын чуулганд Ч.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан төлөөлөл ОХУ-д оролцоно

ОХУ-ын Владивосток хотноо зохиогдох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Беларусь, Вьетнам, Энэтхэг, Казахстан, Хятад, БНАСАУ, Лаос, Мьянмар, Сингапур, Филиппины төлөөлөгчид оролцоно гэж Приморийн хязгаарын засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ.

"БНХАУ, Лаос, Мьянмар, Вьетнам, Филиппин, Беларусь, Казахстан, Монгол, Сингапур зэрэг улсаас зочид ирнэ. Чуулга уулзалтын үеэр бид хэд хэдэн улстай хоёр талын уулзалт хийнэ" гэж Приморийн хязгаарын захирагчийн нэгдүгээр орлогч Вера Щербинагийн хэлснийг эш татан хэвлэлийн алба мэдэгдэв.

Беларусь улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Крутой болон Могилев мужийн төлөөлөгчид чуулга уулзалтад оролцоно. Мөн Энэтхэг, Казахстан, Сингапур, Филиппины Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар энэ чуулга уулзалтад оролцох юм. БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүнээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин, түүнийг дагалдан Хармөрөн, Ляонин мужын төлөөлөгчид ирнэ. Мөн Лаос улсын Дэд ерөнхийлөгч Пани Ятхоту тэргүүтэй төлөөлөгчид оролцох аж.

Мьянмарын төлөөлөгчдийг Шадар сайд бөгөөд Зам тээвэр, харилцаа холбооны сайд, генерал Мя Тун У тэргүүлнэ. Чуулга уулзалтад Вьетнам, БНАСАУ-ын төлөөлөгчид мөн оролцоно. Эргэн сануулахад, Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалт 2023 оны есдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд Владивосток хотноо “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө” уриан дор болох гэж байна. Манай улсаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан төлөөлөл оролцох юм. 

Харин энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын талаар барууны хэвлэлд "уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Хойд солонгосын удирдагч Ким Чен Ун нар оролцох бөгөөд тэд энэ үеэр Оросын армид сум нийлүүлэх болон цэргийн хамтын ажиллагааны хэлэлцэнэ" гэж мэдээлж байгаа юм.