“Акуа гарден” буюу олны нэрлэснээр “Авлигал хороолол”-ын хоёр блок барилгыг нураах захирамжийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар нар гаргасан. Энэ захирамжтай холбогдуулан тус барилгын ажлыг зогсоогоод буй ч одоогоор нураагаагүй байгаа юм. Тус барилгыг барьж буй Эм Энд Жи констракшн ХХК нь анхнаасаа хууль зөрчсөн ард нь том албан тушаалтан хамгаалж байдаг учраас өнөөдрийг хүртэл хяналтгүйгээр байшингаа барьсан гэх мэдээлэл бий.
ҮЗЭХ:
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд энэ барилгын ажлыг үе үеийн хотын дарга нараас эхлээд бүхий л эрх бүхий албан тушаалтнууд зогсоож чадаагүй. Иргэд олон нийтийн зүгээс “зогсоо” хэмээн удаан дараа шаардсан ч хэн ч тоогоогүй. Эцэст нь үер болоход үнэнд гүйцэгдсэн гэж буй. Энэ үйлдэлд нь нөлөө бүхий албан тушаалтан нөлөөлсөн байж болзошгүй талаар зарим иргэд ярих болсон.
Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үерийн даланг сэтлээд газар дээр нь тус барилгыг барьж буйг эсэргүүцэж УБТЗ ХХН-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Цогтгэрэл олон жилийн өмнө холбогдох байгууллагуудад хандсан ч тусыг эс олж байжээ. Б.Цогтгэрэл энэ талаар ярихдаа “Аргаа барахдаа би энэ барилгын тогийг таслаад өгөөч гэж холбогдох албан тушаалтнуудаас гуйсан. Гэтэл “дээрээс битгий тасал” гэсэн гэх хариуг надад өгч байсан. Дээрээс гэдэг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шүү дээ. Тэр бүү хэл Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаниуд тус барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэгэхээр “Авлигал хороолол” нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй холбоотой гэж би хардаж байгаа” гэсэн юм.
-Б.ЦОГТГЭРЭЛ: БИ Б.ЧОЙЖИЛСҮРЭНТЭЙ НЭГ НАМ. ГЭХДЭЭ ГОЛ ДОТОР БАРИЛГА БАРЬЖ, ГОВИЙН ЭМЗЭГ ХӨРСӨН ДЭЭГҮҮР НҮҮРС ЗӨӨХИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ-
Дээрхээс гадна тэрбээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй холбоотой бас нэгэн ноцтой мэдээллийг олон нийтэд ил болголоо. Тодруулбал, Б.Чойжилсүрэн сайдын төрсөн дүү Б.Балдорж нь Дорновговь аймгийн Хөвсгөл сумын “Айл баян”-ийн уурхайд коксжих нүүрсний уурхайтай. Олборлосон нүүрсээ говийн эмзэг хөрсөн дээгүүр 188 км зөөж Хангийн уурхайгаар Хятадад руу гаргаж зардаг.
Гэтэл дүүгийнхээ зарсан нүүрсийг Хятадад боловсруулж, кокс түлш болгоод Монгол руу эргүүлэн авч энэ өвөл 40 гаруй хоног айл өрхөд түлүүлэх гэж байгаа юм шиг, кокс нүүрс Хятададаас авахад 177 тэрбумыг зарах гэж буй үйл явдал нь хоорондоо хамааралтай юу гэх хардлагыг төрүүлж байгаа гэдгийг тэрбээр ярилаа. Монгол Улсын хуулиар нүүрснийг төмөр зам, авто замааар зөөх ёстой. Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү говийн хөрсийг талхалж 188 км шороон замаар нүүрсийг зөөж байна. Үүнийг Дорноговийн удирдлагууд болон Экологийн цагдаа, байгаль хамгаалагч нар харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг ажиллаж буй нь буруу гэдгийг тэрбээр мөн ярьсан юм.