“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Улаанбаатар хоттой мастер гэрээ байгуулж, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлсэн билээ.
Улмаар 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс картын хэрэглээнд 100% шилжиж байв. Тэгвэл 2023 онд анх удаа орон нутагт буюу Төв аймгийн Зуунмод суманд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүллээ.
Ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэртэй 1 системээр буюу 1 картаар зорчих боломжтой болж байгаа юм. Зуунмод сумын иргэд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тус картыг ашигласнаар Нийслэл хотын нийтийн тээврийн шугамын орлогод эерэг нөлөө үзүүлэхээс гадна тус сумын иргэд Нийслэл хотод хувийн тээврийн хэрэгслээ унахгүй автобусаар зорчсоноор замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой аж.