Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэр бүхий есөн банкны гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, тус газрын улсын байцаагчид холбогдох хэргийг банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцсэн.
Нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Энэ талаар хуульч, өмгөөлөгч О.Баярхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр " Монгол Улсад ипотекийн зээлтэй 115 мянган иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо давуу байдлаа ашиглан хууль зөрчиж 1 хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан гэдгийг Захиргааны хэргийн шүүхээс тогтоосон. Энэ шийдвэрийг нэр бүхий есөн банк эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдсан ч хүлээж авахаас татгалзлаа. Банкууд хууль зөрчсөн нь эцсийн байдлаар тогтоогдлоо. Улсын дээд шүүхээс энэ шийдвэрээ цаасаар гаргаж баталгаажуулна. Тэгэхээр аж, ахуй нэгж байгууллагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр банкууд иргэдийн данс руу мөнгийг шилжүүлэх ёстой. Үгүй бол бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ. 2021 оны долдугаар сараас хойш зээл авсан иргэд зүгээр л хүлээх ёстой. Данс руу нь мөнгө орох ёстой" гэлээ.
ҮЗЭХ: