Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын үед -4,6 хувь болж агшаад байсан эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн. Мөн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болон давж биелж буй аж. Эдийн засаг ийнхүү сэргэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалж эхэлсэн нь нөлөөлснийг тэмдэглэлээ.
Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр, ахмадын сувилал байгуулах, шонхор шувуу барих зөвшөөрлийг цэгцлэх, үлийн цагаан оготно ихсэж, бэлчээр талхлаж байгаад анхаарах, малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, Салхитын мөнгөний ордод төрийн бодлогоор анхаарч, улс, орон нутгийн төсөв, иргэдэд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүлжээ.
Ерөнхий сайд орон нутагт хийж буй томилолтынхоо хүрээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар тухайн орон нутгийн иргэдээс саналыг нь авч байгаа юм.