О.Амартүвшин УИХ-д өрсөлдөхөөр болсон тул түүний оронд АПУ ХК О.Одончимэдийг, MCS групп Д.Энхтүвшинг сойж, Б.Жаргалсайхан, Т.Ганболд нар өрсөлдөхөөр яригдаж байна

О.Амартүвшин УИХ-д өрсөлдөхөөр болсон тул түүний оронд АПУ ХК О.Одончимэдийг, MCS групп Д.Энхтүвшинг сойж, Б.Жаргалсайхан, Т.Ганболд нар өрсөлдөхөөр яригдаж байна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч О.Амартүвшин энэ сарын 20 /2023.09.20/-ны өдөр болох тус танхимын XXI их хурлаар үүрэгт ажлаа өгөхөөр болсон байна.

Учир нь О.Амартүвшин саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Мөн тэрээр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон гэж буй. Тэгвэл монголын бизнесийн салбарынхны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Худалдаа аж үйлдвэрийн танхимыг О.Амартүвшиний дараа хэн удирдах бол гэдэг нь анхаарал татаж байна.

Тухайлбал, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг тус танхимын ерөнхийлөгч өрсөлдүүлэхээр О.Амартүвшин дэмжин ажиллаж байгаа аж.

Харин түүнээс гадна АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр Одончимэд агсны хүү Одбаяр, "MCS” группийн дэд ерөнхийлөгч, "Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгч Д.Энхтүвшин, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Б.Мөнхзул, "Буян" ХХК-ийн эзэн Б.Жаргалсайхан, “Алтандорнод монгол” компанийн захирал Т.Ганболд, Мобиком корпорацын захирал асан Д.Болор нарын хүмүүс өрсөлдөхөөр яригдаж байгаа ажээ.

Сонирхуулахад, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хувьд өмнө нь МХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөн О.Амартүвшинд ялагдаж байсан удаатай. Харин энэ удаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 18 /2023.09.18/-ны өдрийн 17:00 цагаар бүртгэж дуусгавар болгож, энэ сарын 20-ны өдөр болох XXI их хуралдаа танилцуулах ажээ. Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин УИХ-ын 2024 сонгуулиар нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр төлөвлөж байгаа ажээ.