ЧУУЛГАН: НДШ-ийг нэмэхгүй

ЧУУЛГАН: НДШ-ийг нэмэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төсвийн байнгын хороо Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Тус байнгын хороо хуулийн төслийг энэ сарын  18-ны хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төсөлд, 2020 оны төсвийн жилд ХНХ-ын сайдын Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх мөнгөн хэмжээг багасгажээ. Ингэхдээ, ААН байгууллагаас төлөх шимтгэлийг 79.1 тэрбум төгрөгөөр бууруулж 791.7 тэрбум төгрөг, ажилчдаас төлөх шимтгэлийг 86.3 тэрбум төгрөгөөр бууруулж 727.6 тэрбум төгрөгөөр, сайн дурын даатгагчаас төлөх шимтгэлийг 8.8 тэрбумаар бууруулж 255 тэрбум төгрөг болгохоор тусгажээ. Үүнтэй уялдуулан ХНХ-ын сайдын төвлөрүүлэх бусад орлогын хэмжээг 174.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 248.9 тэрбум төгрөг болгохоор тооцсон байна. Хуулийн төсөлд, ажил олгогч, даатгуулагч  сар бүр хөдөлмөрийн хөлс, орлогынхоо 8.5 хувийг, 2021 оноос 9.5 хувийг тэтгэврийн санд төлөхөөр зохицуулжээ. Харин сайн дураар даатгагчийн төлөх шимтгэлийн доод хэмжээг 2019, 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 11.5 хувь, 2021 оноос 12.5 хувиас багагүй байхаар тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд хоёр хувиар нэмсэн заалтад тавьсан хоригтой холбогдуулан ямар зохицуулалт хийж байгааг тодруулав. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ерөнхийлөгчийн хоригт, Ажил олгогч, даатгуулагчаас тус бүр нэг хувийн шимтгэл нэмэхээр тусгасныг багасгахыг тусгасан байсан. Тиймээс энэ дагуу тус бүр нэг хувиар багасгахын сацуу сайн дурын даатгуулагчийн шимтгэлийг мөн нэг хувиар багасгасан гэдгийг онцоллоо. Ингэхдээ, 174.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ХНХ-ын сайдын бусад орлогоор бүрдүүлэхээр зохицуулсан гэв. 

Ингээд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Хуулийн төсөл нь Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан өөрчлөлт хийсэн тул УИХ-ын дэгийн тухай хуулиар, ийнхүү шууд батлагдлаа.