Нийслэлийн нийтийн тээврийн 107 чиглэлд одоогоор 1048 автобус үйлчилгээнд явж байна.
Нийтийн тээвэрт 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр парк шинэчлэл хийсэн ч өнгөрсөн оны байдлаар тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн байв. Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглодог. Гэтэл эдгээр автобусыг 13 дахь жилдээ ашиглаж байна. Иймд Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд анхаарч, 810 автобусаар парк шинэчлэхээр болж, 2022-2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлсэн юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны эхний хоёр сард 224, нийт 284 автобус оруулж иржээ. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус аваад байна.
Өнгөрсөн оноос хэд хэдэн чиглэлд богино эргэлт нэмсэн нь үр дүнтэй байгаа тул цаашид нэмэхээр замын хөдөлгөөний ачаалал, зорчих урсгалын төлөвлөлтийг судалж байгаа аж.