“Киоск” машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг нэвтрүүлж буй талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр " Сүүлийн статистик мэдээллээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, гэрчилгээ солих, үрэгдүүлэх, дахин авах, шилжүүлэг хийх зэрэг үйлчилгээг 400 мянган удаа хийсэн байна. Төрийн хамгийн их ачаалалтай байдаг үйлчилгээний нэг нь автотээврийн хэрэгслийг нэр шилжүүлэх байдаг. Тиймээс бид энэ сарын 15-ны өдрөөс автотээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулж И-Монголиад оруулсан.
Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсан нь түгжрэл болон төвлөрөлд маш том нөлөө үзүүлнэ. ТҮЦ машиныг нийт 10 байршилд шинэчилж байршууллаа. Тухайлбал, Төв шуудан, "Да хүрээ" тэргүүтэй олон нийтийг хамгийн ихээр зорчдог хэсэгт байрлуулсан. Мөн хувийн киоск үйлчилгээтэй газруудтай Засгийн газар хамтран ажиллана. Ингэснээр төрийн үйлчилгээний ачаалал буурах юм.
Бид анх удаа цахим гэрээ хийхээр болж байна. Ингэхдээ тоон гарын үсгийг ашиглана. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 800 гаруй мянган иргэн тоон гарын үсгийг авсан боловч хэрэглээнд бодитойгоор ашиглаж чадахгүй байгаа. Тэгвэл үүний эхлэлийг авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулах нь хамаарах юм. Тиймээс дараа дараагийн цахим үйлчилгээнд тоон гарын үсгийг хэрэглэхээс өөр сонголтгүй болно. Цахим хэрэглээг сайжруулахын тулд цахимаар авах үйлчилгээг нэн тэргүүнзд шийддэг болгох юм. Тэгж байж бид дахин давтагдашгүй цор ганц тоон гарын үсгийг хэрэглээндээ бүрэн гүйцэт нэвтрүүлнэ.
Ташрамд дурдахад бизнесийн үйлчилгээг цахимжуулснаас хойш 600 компанийг онлайнаар байгуулсан гэх мэдээлэл байна. Цаашдаа хурдан цэгийн операторууд бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ" гэлээ.
ҮЗЭХ: