"13А маягтыг шүүмжилсэн УНТЭ-ийн эмчид хариуцлага тооц" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үүрэгджээ

"13А маягтыг шүүмжилсэн УНТЭ-ийн эмчид хариуцлага тооц" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үүрэгджээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын эмч Э.Алтандөш нь 13А маягтын талаар шүүмжлэлтэй байр, суурийг илэрхийлж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр түүнд хариуцлага тооцох чиглэлийг УНТЭ-ийн захиралд хүргүүлсэн байна. 

Тэрбээр чиглэлдээ "ЭМДҮЗ-ийн тогтоолд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой зарим асуудлаар танай эмнэлгийн нэр бүхий албан тушаалтан нийгмийн сүлжээний хэрэгслээр үндэслэлгүй мэдээлэл тарааж , албан бус байр сууриа илэрхийлж, төрийн албан хаагчийн хувьд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10 дахь заалтад ‘’албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх’’, хориглох зохицуулалт бүхий 39 дүгээр зүйлийн 39.1.13 дахь заалтад ‘’хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг сөрөг мэдээ мэдээлэл түгээх ‘’, 39.1.14 дэх заалтад ‘’төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох,мэдээ мэдээлэл тараах’’гэж тус тус заасан байдаг бөгөөд дээрх төрийн албан хаагчид нь эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4.е. ‘’төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх’’, 3.1.6.б. ‘’төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахгүй байх’’, 3.1.6.в. ‘’хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх’’ гэсэн заалтууд зөрчигдсөн байна.

Иймд хууль зөрчсөн албан хаагчдад холбогдох хариуцлагыг тооцож, хариуг тус яаманд эргэн мэдэгдэнэ үү.

Цаашид Төрийн албаны хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг байгууллагын ажилтнуудад мөрдүүлэх, таниулах сурталчилахад онцгой анхаарч ажиллана уу" гэжээ.