"Албан тушаалаа урвуулан ашигласан" гэх ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 20 саяар торгох ял оноож, дэд дарга асан Б.Алтанцоожийг цагаатгалаа

"Албан тушаалаа урвуулан ашигласан" гэх ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 20 саяар торгох ял оноож, дэд дарга асан Б.Алтанцоожийг цагаатгалаа

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудад холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. 

Тодруулбал, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга асан Б.Алтанцом нарт холбогдох "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хэлэлцсэн байна. Шүүхээс Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Харин Б.Алтанцоожид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Л.Бямбасүрэн, Б.Алтанцоож нар нь Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлсэн, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхнасан өмнө нь дээрх дэмжлэг болгож 20 сая төгрөг авчихаад байхад 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, 2018 оны нэгдүгээр сард есөн саяыг нь олгосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм. 

Мөн ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн БНСУ-ын Сөүл хотод жил бүр болдог “агаарын харилцааны хэлэлцээр”-т энэ жил /2021 он/-д Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компаниудад мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байсан билээ.