"IHC койн"-ы Б.Эрхэмбаяр зуурдаар таалал төгсжээ

"IHC койн"-ы Б.Эрхэмбаяр зуурдаар таалал төгсжээ

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгсжээ. 

Энэ талаар "Ихбит" компаниас дараах эмгэнэлийг илэрхийлжээ. "Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч, "Ихбит" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз хохирол, уй гашуу тохиолоо.

Б.Эрхэмбаяр нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн удирдагч, өрөвч нинжин сэтгэлтэй анд нөхөр, хайр халамжаар хань, хүний сайхан аав, хамт олондоо бишрүүлэн хүндэтгэгдсэн хамтрагч, хамгийн сэтгэл, итгэл зүтгэлтэй залуу байсан юм. Тэрээр Монголдоо нэр алдраа дуурсгасан хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн, олон арван бизнесийг тэтгэсэн хөрөнгө оруулагч, олон зуун хүний аж амьдралыг дээшлүүлсэн бизнес эрхлэгч байсан юм.

"IHC Token"-ыг анхлан үүсгэн байгуулалцаж дэлхийн крипто ертөнцөд анхны Монгол койныг гарган амжилт үзүүлж, Монгол залуус, монголчуудынхаа сайн сайхны төлөө унтах нойроо хугаслан зүтгэж явсан залуу юм. Түүний төлөө даруу, тусч, ажилч хичээнгүй, шулуун шударга, элгэмсэг дотно, эрхэмсэг зан чанар болон Монголын арилжаа сонирхогчдын дунд танигдсан "Е" үсэг нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд үлдэх болно. Анд нөхөд хамт олон бид чинь таныхаа нэрийг үеийн үед, үүрдийн үүр үргэлж өндөрт өргөн хичээнгүйлэн зүтгэх болно оо. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.