Архангайн иргэд цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах санал гаргажээ

Архангайн иргэд цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах санал гаргажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тэрбээр "Архангай аймаг 95 мянга гаруй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 8.8сая төгрөг бөгөөд улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн дэмжлэг авч байна. Цаашид урт хугацааны хөгжлийн бодлого гаргаж, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн томоохон төслүүдээ тодорхойлон, бие даан хөгжих боломж бүрдүүлэх хэрэгтэй"-г тэмдэглэв.

Харин иргэдийн зүгээс аймгийн дулааны цахилгаан станцын барилгын ажлыг 2024 онд эхлүүлэх, самар түүх хугацааг есдүгээр сарын 15 болгон наашлуулж, эрхзүйн орчныг амьдралд нийцүүлэх, орон нутгийн өмчит “Тамир” зусланг олон улсын хүүхдийн зуслан болгох, Эрдэнэбулган сумын тавдугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барих, аймгийн МСҮТ-д тракторчийн анги нээх, ахмадын өргөөтэй болох санал хэллээ.


Мөн Булган уулын дархан цаазыг эргэн сэргээх, махны үнийг хөөрөгдүүлэхгүй, тогтвортой байлгах тогтолцоог хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, аварга малчны шалгуурыг тооноос илүү чанарт шилжүүлэх, махны үйлдвэрийг цэгцлэх, цэрэгжилтийн хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах, арьс шир боловсруулах болон оёдлын үйлдвэр байгуулах, ӨЭМТ-д ашиглаж буй олон программыг цэгцлэх хэрэгтэй гэв. Уулзалтын үеэр “Илч” компанийн захирал Ч.Өсөхбаяр 26 жилийн өмнө өмч хувьчлалаар авсан аймгийн Дулааны цахилгааны станцаа төрд буцааж өгөх болсноо зарлав.

Дулааны цахилгаан станц, цэцэрлэгийн барилга, Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх авто зам, шинэ суурьшлын бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт суулгахаар шийдвэрлэлээ хэмээн ЗГХМОНХА-наас мэдээллээ.