Д.Манлайбаатар: Нэгнийхээ биед халдсан БГД-ийн цагдаагийн хэлтсийн дэд даргыг албан тушаал бууруулсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Д.Манлайбаатар: Нэгнийхээ биед халдсан БГД-ийн цагдаагийн хэлтсийн дэд даргыг албан тушаал бууруулсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр гарч, олны анхаарлыг татсан. Тэгвэл тус хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга Д.Манлайбаатараас тодрууллаа. 

ВИДЕО:

Тэрбээр ""Энэ гомдол мэдээлэл энэ оны есдүгээр сарын 16-ны өдрийн 20:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн. Тус гомдлыг хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагааг зохион байгуулж, шалгаж байна. Мөн энэ мэдээлэлтэй холбогдуулан бид дотоод хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдах болон ахлах албан тушаалтны хооронд үүссэн маргааны гол асуудал нь нэгнийхээ эрх чөлөөнд халдсан гэх гомдол юм. Энэ асуудал нь хойшлуулшгүйгээр шалгагдсан бөгөөд прокурорын хяналт дор шалгагдаад харьяаллын дагуу мөрдөн байцаах албаны тусгай субьектын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цаашид үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг хийх учраас эцсийн шийдвэр тусдаа гарна.

Бидний хувьд цагдаагийн алба хаагчид сахилга, ёс зүйн хувьд ямар зөрчил гаргасан бэ гэдэг талаас нь албан шалгалт хийж, дууссан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсэг залуучууд амралтын өдөр, ажлын бус цагаар нэгнийдээ цуглаж, архидан согтуурсан үедээ үл ойлголцсон асуудлаас болж, хоорондын маргаан гарсан нь үнэн.

Албаны бэлэн байдал хангах ёстой гэх журмыг зөрчсөн учир дотоод албан үүрэгтэй холбогдож байгаа. Удирдах болон ахлах албан тушаалтны үлгэрлэл манлайлалтай байх зэрэг дотоод албан журмуудаар зохицуулагддаг асуудлыг зөрчсөн гэж үзсэн. Иймд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд дарга, цагдаагийн ахмад н.Очирбатыг цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу албан тушаал бууруулсан. Мөн гомдол гаргагч ахлах албан тушаалтны сарын цалинг гурван сарын хугацаатай хорин хувиар хасах шийтгэл оногдуулсан" гэлээ. 

Харин цагдаагийн алба хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар "Цагдаагийн байгууллага бол төрийн тусгай алба учир төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журамд нийцүүлэн олон арга хэмжээг авсаар ирсэн. Товчхон дурдхад цагдаагийн алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчилөөс урьдчилан сэргийлэх контент, бичлэгүүд хийсээр байгаа. Шинээр цагдаагийн албанд орж байгаа болон ажлын байраа өөрчилсөн тохиолдолд үзүүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулсаар байна. Мөн сахилгийн арга хэмжээ авах заалттай ажилчдад төлбөртэй сургалтанд хамруулж, мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамран ажиллаж сэтгэцийн эрүүл мэндэд нь анхааран ажиллаж байна" гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө