Хувийн нүүрсний компани бол захирал нь шоронд байх байв, Төрийн компани учир Ерөнхий сайд нь ая дуугаа өргөж явна

Хувийн нүүрсний компани бол захирал нь шоронд байх байв, Төрийн компани учир Ерөнхий сайд нь ая дуугаа өргөж явна

Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Харин "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган өрхийг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргаж, үйлдвэрлэх ажилдаа орсон байдаг. 

-ЭНЭ САРЫН БАЙДЛААР 2000 ОРЧИМ ИРГЭН УГААРЫН ХИЙД ХОРДОЖ 11 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА-

Харин тус компанийн сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх зэрэг заавар зөвлөгөөг иргэдэд урьдчилж өгөөгүй, мөн тус түлшний уут дээр “бүх төрлийн зууханд хэрэглэж болно” гэснээс болж энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийт 1135 иргэн угаарын хийд хордож эмнэлгийн байгууллагад хандсан бол 10 иргэн амь насаа алдаад байгаа тухай статистик мэдээлэл байна. 

Харин өнөөдөр угаарын хийд хордсон иргэдийн тоо 2000 орчим болж амь насаа алдсан иргэн 11 болж өсөөд байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Сонгино хайрхан дүүрэг Орбитын дугаар тоотод оршин суух 37 настай эмэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ гэртээ угаартаж яаралтай түргэн тусламжаар ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч, түүний 2 сартай бага хүү нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Хэргийг Сонгино хайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.

-ХУВИЙН КОМПАНИЙН НҮҮРСЭНД ИРГЭД ХОРДСОН БОЛ ҮЙЛДВЭР НВ ХААГДАЖ, ЗАХИРАЛ НЬ ШОРОНД БАЙХ БАЙВ, ТӨРИЙН КОМПАНИЙН НҮҮРС УЧИР ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЖ, ЕРӨНХИЙ САЙД НЬ АЯ ДУУГАА ӨРГӨЖ ЯВНА-

Тухайлбал, 2 настай эрэгтэй Энх-Эрдэнэ, 4 настай эрэгтэй Хаш-Эрдэнэ, 39 настай эрэгтэй Түмэнбаяр, 28 настай эрэгтэй Цэгмэд, 56 настай эмэгтэй Баяраа, 62 настай эрэгтэй Пүрэвсүрэн нарын 11 хүн Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн “сайжруулсан шахмал түлш”-нд хордож амь насаа алдаад байна. Харин ийнхүү иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хэргүүдийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч хэргийн явцын мэдээлэл тодорхой бус, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь шинэ жилээ тэмдэглэж, дуулж хуурдаад явж байна. Учир нь Таван толгой түлш ХХК шинэ жилийн баяраа тэмдэглэж, тус арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, хөгжим тоглож, ая дуугаа өргөн баяр хүргэсэн байгаа юм. 

Хачирхалтай нь хувийн компанийн үйлдвэрлэсэн нүүрсэнд хүн хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон бол өдийд үйлдвэр нь хаагдаж, захирал нь шоронд орсон байгаа. Гэтэл төрийн өмчит компанийн бүтээгдэхүүнд иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирооход хариуцлага хүлээх эзэнгүй, Ерөнхий сайд нь шинэ жилийн баяр дээр нь очиж хөгжим тоглож өгөөд, ая дуугаа өргөж байна. 

Монголд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж тунхагладаг ч шударга ёс, тэгш боломж ингэж л энэ улсад тогтож байна. Бас Таван толгой түлш компанийн нүүрсийг хэрэглээд Улаанбаатар хотын утаа ч арилсангүй. 

-ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ-

Эрдэнэс таван толгой компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Таван толгой түлш ХХК-ийг 2018 оны тавдугаар сарын 10- ны өдөр байгуулсан байдаг. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээлэлд Таван толгой түлш ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг Эрдэнэс монгол ХХК, гүйцэтгэх захирал нь М.Ганбаатар гэж бүртгэжээ. Харин Эрдэнэс монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг Д.Зоригт хэмээн бүртгэжээ. Тэгэхээр Таван толгой ХХК-ийн эзэн нь Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт болж байна. 

Тавантолгой түлш ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл

Эрдэнэс монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл

“Таван толгой түлш” компани сайжруулсан түлшний гол түүхий эд болох нүүрсээ “Эрдэнэс тавантолгой” ХК-аас эрчим хүчний нүүрсийг нэн хөнгөлөлттэй үнээр авдгийн зэрэгцээ зөвхөн “Энержи ресурс” ХХК-аас л гэхэд 800,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй авсан баримт байна.