"Монгол хүүгийн нүүрийг түлсэн" хэргийг нийтэд дэлгэсэн монгол эмэгтэйг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

"Монгол хүүгийн нүүрийг түлсэн" хэргийг нийтэд дэлгэсэн монгол эмэгтэйг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ

БНСУ-д амьдардаг Монгол хүүгийн  нүүр рүү дэлгүүрийн ажилтан санамсаргүй халуун гоймон цацаж, түлсэн хэрэг жилийн өмнө гарсан. Тэгвэл жил гаруй үргэлжилсэн тус хэргийн шүүхийн шийдвэр гарч, халуун шөлөнд Монгол хүүгийн нүүрийг түлсэн БНСУ-ын иргэнд нэг сая воны торгууль ногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, 2022 онд найзуудтайгаа 24 цагийн дэлгүүрт сууж байсан 10 настай монгол хүүгийн нүүр лүү дэлгүүрийн ажилтан буцлам халуун шөл гараасаа алдаж, цацсан хэрэг гарсан юм. Улмаар хохирогч хүүхдийн нүүрний арьс түлэгдсэн бөгөөд эдгэрснийхээ дараа ч нарны туяа харж чадахгүй хэмжээнд арьс нь эмзэгшиж, сэтгэл санааны хүнд хямралд орсон аж. Улмаар тус хэрэгт эрүүгийн хэрэг бус иргэний хэрэг нээж БНСУ-аас үнэ төлбөргүй өмгөөлөгч өгсөн.

Гэвч хэргийн шүүх хурлын явцад шүүгч өмгөөлөгчид нөлөөлж, хохирогчийг сонголтгүй болгох, шахалтад оруулах зэрэг ёс зүйгүй, буруутай үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж хохирогчийн гэр бүл Монгол Улсаас БНСУ-д суугаа мэргэжилтнүүдээс тусламж хүссэн. Ингэхдээ Өмнөд Солонгосын томоохон хэвлэлүүд болон БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-д хандсан байдаг.

Тэгвэл тус хэргийн талаар хүүгийн ээжтэй хамт мэдээлэл хийсэн БНСУ дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ын ажилтныг “хууль зүйн товчооны нэр төрийг гутаан доромжилж,  үйл ажиллагаанд хохирол учруулсан” хэмээн БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.