Шатахуун түлшний нийлүүлэлтийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Н.Анхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ОХУ-ын Засгийн газраас үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд газрын тосны зарим нэг бүтээгдэхүүн болон шатахууны экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад импортоор ирэх шатахуун тодорхой гаалийн кодоор хязгаарлалтад орсон юм.
Энэ үеэр ОХУ-ын төрийн Думын дарга В.Володин манай улсад айлчилсан. Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-ын засгийн газраас Монгол Улс шатахууны хязгаарлалтанд орохгүй гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам цаашид “Роснефть”-тэй үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хамтран ажиллахаар захидал илгээхээр ажиллаж байна.
Мөн 161-р тогтоолын дагуу шатахуун 30 хоногийн нөөцтэй байх ёстой бөгөөд одоогийн байдлаар дизель түлшний 40 орчим хоногийн нөөцтэй, 92 шатахуун 30-аас дээш хоногийн нөөцтэй. Түүнчлэн газрын тосны үнэ дэлхий дахинд нэмэгдсэн. Бид хангамж болон үнийг тогтвортой байлгахаар ажиллаж байна” гэлээ.
ҮЗЭХ:
Сэтгүүлч: А.Булганчимэг