Албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан хэргээр торгох ял шийтгэгдсэн Н.Чимэдлхам нар Давж заалдах гомдол гаргажээ

Албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан хэргээр торгох ял шийтгэгдсэн Н.Чимэдлхам нар Давж заалдах гомдол гаргажээ

Албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэх хэрэгт холбогдож, анхан шатны шүүхээс торгох ял шийтгэгдсэн ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. 

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний /2023.04.11/ өдөр Сүхбатаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэх ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, ЭМЯ-ны эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарт холбогдох хэргийг хэлэлцээд тэднийг гэм буруутай тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг тус тус долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

Мөн ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 18 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Түүнчлэн аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Ж.Нэргүйг төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, найман сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарыг гурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарыг 2.7 сая, Б.Цацралт-Одын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол шүүгдэгч О.Тамирт гурван сая төгрөгөөр торгох ял оноож, цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ёстой ялд оруулан тооцож, нийт 1.2 сая төгрөгөөр торгохоор болсон юм. Мөн М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөлсөн байдаг. 

Тэгвэл тухайн этгээдүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тэдний гомдлыг маргааш буюу есдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэхээр товложээ. 

Эргэн сануулахад, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Н.Чимэдлхамд дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Харин тэд мөн давж заалдснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2022 оны гуравдугаар сард хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасныг ийнхүү өнгөрсөн дөрөвдүгээр сард анхан шатны шүүх дахин хэлэлцсэн юм.