Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал "нөхрийг минь суллахгүй бол хүүхдүүдтэйгээ хамт өлсгөлөн зарлана" гэж мэдэгджээ

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал "нөхрийг минь суллахгүй бол хүүхдүүдтэйгээ хамт өлсгөлөн зарлана" гэж мэдэгджээ

Шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, нэг жил арван сарын хорих ял оноосон бөгөөд өнгөрсөн баасан гарагт давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийнхэн Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандан "Зүүн хараагийн хорих ангийн дарга А.Батхуяг нь Д.Мөнх-Эрдэнийг дарамталж, сүрдүүлж байна, ар гэрийнхэнтэй нь төлөвлөгөөт уулзалтад оруулахгүй байгаа" талаар мэдээлжээ.

Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал арваннэгдүгээр сарын 5-наас өмнө нөхрийг нь суллахгүй бол Төв талбай дээр хүүхдүүдтэйгээ хамт өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.

Тэрбээр, "Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2013-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя. Үгүй бол би бяцхан үрстэйгээ Монгол Улсын Үндсэн Хуулинд заасны дагуу арваннэгдүгээр сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, Төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй. Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна. Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ" гэжээ.