УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-25-ны хооронд манай улсад айлчлал хийлээ.
Түүний айлчлал өчигдөр /2023.09.25/ өндөрлөж, орой нутаг буцсан байна. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцлоо. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.
Ням гарагт УИХ-ын дарга Г.Занданшатартай Төрийн ордонд хийсэн хэлэлцээний үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүйг албан ёсоор мэдэгдсэн.
Түүнчлэн, даваа гарагт (2023.09.25) Төрийн ордонд болсон УИХ, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй хэмээн тэмдэглэсэн юм.