Л.Эрдэнэбат: Багш нарын дундаж цалинг 1000 доллар буюу түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлагатай /ВИДЕО/

Л.Эрдэнэбат: Багш нарын дундаж цалинг 1000 доллар буюу түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлагатай /ВИДЕО/

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.09.26/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр МҮЭХ-ы ерөнхийлөгч Л.Эрдэнэбат, "МҮЭХ өнгөрсөн жилээс эхлэн цалин хөлс, тэтгэвэр, тэтэгэмжтэй холбоотой нэлээдгүй шаардлагыг хүргүүлсний эцэст төсвийн тодотгол хийгдэж, Засгийн газартай удаа дараа хэлэлцээр хийсний үр дүнд цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нэг их наяд төгрөг зарцуулуулсан.

Мөн энэ оны зургаадугаар сарын дунд үеэс эхлэн багш нарын цалин хөлсийг дунджаар 20 хувиас дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн. 2025 он гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяас доошгүй байлгах, цаашилбал багш нарын цалинг 1000 доллар буюу түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлж байгаа. Үүний тулд маш тодорхой, нарийвчилсан төсвийн хуваарилалт хийх шаардлагатай. Басхүү цалингаас гадна ажилчдад тодорхой хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашгийг хүртээх шаардлагыг тавьж байгаа. Монгол Улсын иргэд төр болон хувийн хэвшилд ажилладгаас үл хамааран байгалийн баялгийн ногдол ашгаас хүртэх эрхтэй. Энэ бол ганц бидний тавьж буй шаардлага бус ОУ-ын жишиг юм.

Хөдөлмөр нийгмийн түшлэлийн гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянга болгосон. Одоо бол 880 мянган төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх саналыг тавьсан байгаа.

Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг дахин тавьсан. Энэхүү буцаалтыг үе шаттайгаар дор хаяж 50-аас доошгүй хувийг буцаан олгох шаардлагатай. Мөн ипотекийн зээлтэй холбогдуулан маш олон санал гомдол иргэдээс ирдэг. Иймд орон сууцны үнийг хөөргөхөд голчлон нөлөө үзүүлж буй барилгын материал, зам тээвэр, ложистиктой холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол Монгол Улсад ажиллах хүчний хомсдол нүүрлээд байна" гэлээ.

ҮЗЭХ: