Шинэ оюутны хөгжлийн “Rise” хөтөлбөр нээлтээ хийлээ

Шинэ оюутны хөгжлийн “Rise” хөтөлбөр нээлтээ хийлээ

ХААН Банк сангаас нэгдүгээр курсын оюутнуудад зориулан шинэ орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, их хотын соёлд суралцах, амжилттай суралцах арга барилд сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "RISE" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хөтөлбөрийн нээлт өнгөрсөн Бямба гаригт болж, 800 орчим шинэ оюутан оролцлоо. "RISE"-ын нээлтийн арга хэмжээ бүхэлдээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж, хэрхэн хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх тухай оюутнуудад мэдлэг, мэдээлэл хүргэж, байгаль дэлхийгээ хайрлахад уриалсан нь онцлууштай байлаа. Тус арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Энэ жилийн хувьд "RISE" хөтөлбөрийн нээлтийг бид “Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй нь цагаа олсон сэдэв гэж үзэж байна. Хүн төрөлхтний “гэрийн даалгавар” гэгдээд буй Тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах нь маш энгийн зүйлээс эхэлдэг. Үүнд хүн бүрийн оролцоо, ялангуяа оюутнууд та бүхний оруулах хувь нэмэр чухал” хэмээн онцолсон юм.

Мөн амралтын өдөр мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэхээр ирсэн залуус “Сурахуйд суралцахуй”, “Тогтвортой амьдралын хэв маяг” сэдвээр өрнөсөн сонирхолтой хэлэлцүүлгийг сонсож, илтгэгч залуустай чөлөөтэй яриа өрнүүлсэн юм. Залуусын хувьд хамгийн хэрэгтэй, чухал мэдээллүүдийг нэг дороос, баталгаат эх сурвалжаас авч чадсан, үнэхээр хэрэгцээтэй, цаг үеэ олсон арга хэмжээ болсныг онцолж байлаа. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай, "Tetgeleg" аппликэйшн болон "EDEX" компанийн хамт олон гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, амралтаараа Америкт сурч ажиллах боломжтой солилцооны хөтөлбөрийн талаар цогц мэдээлэл хүргэжээ.

Мөн энэ үеэр зөвхөн оюутнуудад зориулсан, шимтгэлгүй, данс хөтөлсний хураамжгүй, байнгын болон онцгой хугацааны урамшуулалтай К картын талаар ХААН Банкны ажилтнууд танилцуулж, газар нь картын захиалга авч байсан юм.

“Суралцья, хөгжье” хэмээн уриалдаг энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа залуус нээлтийн арга хэмжээнд оролцоод өнгөрөх бус бүтэн жилийн хугацаанд төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрт оролцох боломжтой гэдгээрээ давуу талтай аж.