БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Шэнь Миньжюаныг томилжээ

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар Шэнь Миньжюаныг томилжээ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох, хоёр улсын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулан хөгжүүлэхэд шинэ элчин сайдтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэд сайд Г.Амартүвшин илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад суусан үе үеийн элчин сайд нарын залгамж халааг нэр төртэйгээр үргэлжлүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.