ЕС Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллах үеэрээ, "зам, шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг барих" ажлуудыг 2024 оны төсөвт суулгана гэж амлажээ

ЕС Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймагт ажиллах үеэрээ, "зам, шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг барих" ажлуудыг 2024 оны төсөвт суулгана гэж амлажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ 09-р сарын 25-ны өдөр Дорнод аймагт ажиллан, тус аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдийн төлөвлөлттэй танилцлаа.

Тэрээр 2021 онд тус аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих төслийн Улсын төсвөөс хариуцах санхүүжилтийг тогтвортой гаргах, Чойбалсан хотоос Хавирга боомт чиглэлд 124 км хатуу хучилттай автозам барих, Ульхан боомт чиглэлд 60 км хатуу хучилттай автозам барих ажлыг хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж байгаа юм. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлуудыг иргэдэд танилцуулсан бөгөөд уулзалтад 600 гаруй хүн оролцож, улс орны болон орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал, шүүмжлэл өрнүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудын талаар саналаа өгч, эрэмбэллээ.

Улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтүүдэд тусгагдан батлагдсан ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн болсон хөрөнгө оруулалтын төсөл, иргэдийн эрэмбэлсэн саналыг тус тус үндэслэн Дорнод аймагт, цаашлаад зүүн бүс нутаг, Улс орны хөгжил, эдийн засгийг өсгөхөд хувь нэмрээ оруулах зам харилцаа, дэд бүтцийн томоохон төсөл, арга хэмжээ, инженерийн хангамжийн магистраль шугам сүлжээ, сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлуудыг ирэх оны Улсын төсөвт тусган батлуулж хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Үүнд Чойбалсан хот чиглэлийн тамын 50км, Булганы 27км, Чойбалсан хот доторх болон боомтууд чиглэлийн авто замуудыг шинээр барих, өргөтгөх, засварлах, зураг төсвийг шинэчлэх, мөн Чойбалсан хотын усан хангамж, дулаан хангамжийн 60 гаруй км урттай магистраль шугам сүлжээг шинэчлэх зэрэг ажлууд багтаж байна. Мөн Ерөнхий сайд “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулганд оролцож мэдээлэл өгсөн ба оролцогчдоос хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах талаар саналаа нэгтгэн Ерөнхий сайдад танилцууллаа.