Ю.Үнэнбүрэн: “Гүйгүүл морь"-ны тухай баримтат киногоо үргэлжлүүлж дахин хоёр морийг Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл гүйлгэсэн /ВИДЕО/

Ю.Үнэнбүрэн: “Гүйгүүл морь"-ны тухай баримтат киногоо үргэлжлүүлж дахин хоёр морийг Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл гүйлгэсэн /ВИДЕО/

Эрт дээр үед Монголын тал нутагт хаанаас ирсэн нь үр мэдэгдэх ядарч, цуцсан монгол адуу энд тэнд гүйж яваа нь үзэгддэг байсан гэх. Эл яриаг лавшруулбал дайн тулаанд яваад харь нутагт үлдсэн болон Монголоос бэлгийн чанартай гарсан, хил дамнан арилжаалагдсан адуунууд Ази, Европоос нутгаа зорин гүйж ирдэг байсныг монголчууд ам дамжуулан ярьж, үнэн хэмээн итгэдэг байжээ.

ВИДЕО: 

Үүнийг харсан, үзсэн батлах хүн ч олон хэмээдэг. Улмаар дээрх адууг монголчууд “Гүйгүүл морь” хэмээн нэрийддэг болсон билээ. Энэ л түүх амнаас ам дамжиж дуу, шүлэг болсон нь олонтоо,

“Газар үнэрлэн ергөж яваа

Ганц морийг битгий үргээ

Эхийнхээ хээлэнд зарагдсан унаг

Ижлээ орхин нутаг руугаа гүйж явна” хэмээн шүлэглэн дуулсан монгол хүн бүрийн сэтгэлийг утсыг хөндсөн уран бүтээл ч бий. Харин өдгөө “монгол адуу нутгаа зорин гүйдэг” гэх ярианд гаднынхан итгэх байтугай монгол залуус үлгэр хэмээн, өөрсдийн түүхээ үгүйсгэдэг болсон. Иймд монгол адуунд нутгаа зорин гүйдэг ухаан байдаг гэдгийг баталж, дэлхийд таниулахаар “Дэлхийн морьтнууд” төслийн баг монгол адууны тухай баримтат киноны ажлыг эхлүүлсэн юм. Улмаар 2022 онд бага насандаа зарагдсан хоёр монгол адуу унасан газраа зорьж, идээшсэн бэлчээр ижилдэн дассан сүргээ орхин гүйж явааг баримтжуулж  “Гайхамшигт монгол адуу” баримтат киног бүтээсэн билээ.

Гэрэл зургийг "Гайхамшигт монгол адуу" төслийн багийн зөвшөөрлөөр ашиглав

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас  Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин мянга гаруй км замыг туулж  нутагтаа очсон. Мөн тус киног хоёр сая гаруй хүн үзсэн байдаг.

Хамгийн сонирхолтой нь тус бүтээлийг хийсэн кино багийнхан  хоёр морь хүний ч олохооргүй замаар эгц  шулуун давхина гэж төсөөлөөгүй аж. Мөн эл бүтээлийн дараа морь судлаачдын дунд монгол адуу нутаг, сүрэг, эзэн гэх гурван зүйлээс чухам аль руу нь тэмүүлж гүйдэг нь асуултын тэмдэг хэвээр үлджээ.

Тиймээс “Дэлхийн морьтнууд” төслийн баг дахин хоёр морь гүйлгэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ тус бүтээлийг дэлхийд гаргаж, монгол морины гайхамшгийг үнэт өвөөр бүртгүүлэх зорилготой Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл дахин хоёр морь гүйлгэжээ. Иймд бид энэ талаар “Гайхамшигт монгол адуу” төслийн санаачлагч Ю.Үнэнбүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-ЭЗНЭЭ ОРХИЖ ЭХ НУТАГ РУУГАА ГҮЙЖ БАЙГАА ХОЁР МОРИНЫ ЯВДЛЫГ БАРИМТЖУУЛАН ОЛОН УЛСАД ГАРАХ БАРИМТАТ КИНО БОЛГОЖ БАЙНА-

-Юуны түрүүнд монгол адуу, гүйгүүл морьдын тухай баримтат киног амжилттай хийж олны хүртээл болгосон танай баг хамт олонд баяр хүргэе. Мөн та бүхнийг дахин морь гүйлгэсэн гэж сонссон. Энэ бүтээлийн тухай болон яагаад  дахин морь гүйлгэх болсон талаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. Бид монгол морины гайхамшгийг өнөөгийн залууст болон дэлхийд батлан харуулахаар 2022 онд нэлээд судалгаа явуулсны эцэст Говь-Алтай болон Өвөрхангай аймгаас хоёр морь гүйлгэсэн. Улмаар тус төсөл амжилттай дууссан. Хүмүүс үзээд гайхширсан. Баримтат киног маань 2 сая гаруй хүн үзсэн байсан. Улмаар сайн ч үр дүнд хүрч, уяачид газар газраас худалдан авсан морьдоо нутагт нь аваачиж тавьсан байсан.

Төслийн дараа над руу Сүхбаатар, Дорнод аймгуудаас маш олон хүн ярьсан. “Таны хийсэн ажлын ачаар маш олон морьд эх нутагтаа ирж ясаа тавихаар болж байна. Маш зөв юм хийлээ” гэж байсан.

Ингээд бид тус баримтат киногоо олон улсад гаргахаар болсон ч мэргэжлийн найруулагчид үзээд голсон. Учир нь манай бага анх морь гүйлгэхдээ үнэндээ нутагтаа амжилттай хүрнэ ч гэж бодоогүй байсан болохоор бэлтгэл  жаахан ажил муу явсан юм. Тиймээс ер нь монгол морь нутаг руугаа гэж гүйдэг юм уу, тэр хоёр морь мундагтаа гүйсэн юм уу гэдгийг бататгахаар дахин морь гүйлгэхээр болж, хайгуул судалгааны ажлаа эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгаас Баянхонгор аймаг хүртэл гүйсэн хоёр адуу

-ОТРООР ЭЗНЭЭ ДАГАЖ НУТГААСАА ГАРААД ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХОЁР АДУУГ НУТАГ РУУ НЬ ГҮЙЛГЭСЭН-

Ингэж явахдаа н.Балжинням гэж Баянхонгор аймгийн Богд сумын хүүтай таарсан юм. Тэр хүү гүйгүүл хоёр морины маань нэвтрүүлгийг үзэж байсан юм байна лээ. Мөн манай хэрэгжүүлдэг төсөл, үйл ажиллагааг мэддэг байж таарсан. Тэгээд ярих зууртаа би “Ах нь энэ жил дахиад морь гүйлгэхээр хайж байгаа” гэхэд “Манайд хоёр морь байгаа шүү дээ” гэж санал тавьсан. Тэр нь яасан бэ гэхээр тэр айл оторт гурван жилээр явахаар болж бүх малаа ачаад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу нүүсэн байгаа юм.

Сэлэнгэд очсон ч гэсэн адуу нь эргэж нутаг руугаа гүйгээд байхаар нь ачиж аваачаад нутагтаа тавьсан байдаг. Ингээд бусад мал болон дөрвөн адууны хамт үлдсэн байгаа юм. Тухайн дөрвөн морины хоёр нь гайгүй. Хоёр нь юм л болбол нутаг руугаа гүйдэг. Тэр хавийнхан нь бүр мэддэг болж, гүйж явааг нь харвал барьж аваад уядаг болсон хоёр морь байсан. Тиймээс бид Сэлэнгэд очиж хоёр морийг нь харахад говийн жижигхэн биетэй жинхэнэ монгол адуу байсан. Тэгээд шууд гүйлгэсэн.

Гэрэл зургийг "Гайхамшигт монгол адуу" төслийн багийн зөвшөөрлөөр ашиглав

-13 НАСТАЙ БУУРАЛ, 11 НАСТАЙ ХҮРЭН МОРЬДЫГ ӨМНӨХ ШИГ БЭЛДЭЭГҮЙ УЧИР НЭЛЭЭД ТУРАНХАЙ БАЙСАН-

-Энэ удаагийн хоёр морь өмнөх хоёр мориноос ямар ялгаатай байв. Ямар зүсмийн, хэдэн настай морьд гүйлгэв?

-Өмнөхөөсөө ялгаатайн бид өмнөх хоёр морио гүйлгэхдээ эртнээс тэжээж, уяж уралддаг морь шиг бэлдсэн. Тиймээс тэр хоёр маань ядралгүй улам гангарсаар яваад нутгаа хараад тарлаж давхиад хүрч байсан. Харин энэ хоёр морийг бид тэжээх ч зав гараагүй. Тийм бололцоо ч байгаагүй шууд гүйлгэсэн. Тэжээгээгүй яг өвсөө идэж байгаад нутаг руугаа зүглэсэн болохоор нэлээд туранхай байсан. Нэг сайхан буурал морь 13 настай, нөгөөх нь хүрэн морь 11 настай морьд байсан.

Гэрэл зургийг "Гайхамшигт монгол адуу" төслийн багийн зөвшөөрлөөр ашиглав

-Сэлэнгээс, Баянхонгор аймаг гол ус, уул мод, элс гээд замын хувьд амаргүй шүү дээ. Морьд замаа хэрхэн туулав?

-Нутгаасаа гараад олон гол гарч модон дундуур их явсан. Мөн хүний бүтээсэн зүйлс нэлээд саад болдог юм байна лээ. Жишээлбэл Сэлэнгэ, Төв аймагт газраа хагалаад хашаалсан болохоор морь хаагуур нь орохоо мэдэхгүй зарим хашаа руу нь ороод гарч чадахгүй байх зэрэг нөхцөл байдал үүсэж байсан. Гэсэн ч явсаар байгаад Ерөө, Туул, Хараа, Онги голуудыг гаталсан.

Гэхдээ замаас илүүтэй хамгийн хэцүү байсан зүйл нь Төв аймгийн Жаргалантаас эхлээд малын хамар хатгах өвсгүй гэж ярьдаг даа. Ямар ч өвс, ногоогүй 90 км зам туулсан. Мөн дахиад Өвөрхангай аймагт явахдаа ямар ч өвсгүй 170-180 км газрыг нэлээн зовж давсан.

Бид баталгаажуулах зорилготой. Мөн гадаадад гарах хэмжээний зураг авалт хийж байгаа болохоор тэвчээртэй хүлээсэн. Ямартай ч морь нутагтаа очсон. Монгол адуу нэг зориод л хөдөлсөн бол гайхамшгийг бүтээж чаддаг юм байна гэдгийг бид нүдээр үзлээ. Одоо надан ингэж бодогддож байгаа гаднын ямар ч газар ирээд нэг морь гүйлгэж баримтжуулья гэхэд ямар ч монгол адуу энэ үүргээ сайн биелүүлж чадах юм байна лээ.  

-МОНГОЛ АДУУ ЭЗЭН БИШ, ИЖИЛ СҮРЭГ БИШ, ЭХ НУТАГ РУУГАА Л ТЭМҮҮЛДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ-

-Гүйгүүл морьдоос ажиглагдсан сонирхолтой баримтуудаасаа хуваалцвал?

-Энэ хоёр адууг гүйхэд маш олон сонин, сонирхолтой зүйлс гарсан. Түрүүчийн хоёр адуу зарагдаад нутаг руугаа гүйсэн. Харин энэ удаагийн хоёр морь эзнээсээ урваж, нутаг руугаа гүйсэн. Тэгэхээр нутаг гэдэг хамгийн чухал юм байна лээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сум бол монголын хамгийн сайхан газруудын нэг. Гутлын түрүү давсан өвстэй. Хамгийн сайхан устай газар байдаг. Гэтэл өөрсдийнх нь төрсөн нутаг гэх Баянхонгор аймгийн Богд сум элсэн цөл, өвсгүй шахуу газар руу зүтгэж байгаа нь хэчнээн сайхан газар байсан ч эх нутаг гэдэг адуунд уяатай үргэлж тэмүүлж байдаг зүйл юм байна гэдэг нь харагдсан.

Мөн гүйж байхдаа шөнө бүр ямар нэг айлын азарга бараадаж хонодог байсан. Араатан амьтад зэрэг аюул ойртоход бусад морьд руу гүйж орох юм шиг байгаа юм. Ямартай ч огт хоёулхнаа хоноглодоггүй.

Сэлэнгэ аймгаас Баянхонгор аймаг хүртэл гүйсэн хоёр адуу

-МОРЬД  ТУРАНХАЙ ЗАМДАА ЯДАРСАН УЧИР ҮХЭХ НЬ ГЭЖ БОДСОН Ч ЗҮТГЭСЭЭР БАЙГААД НУТАГТАА ХҮРСЭН-

-Хоёр морь анх гүйхдээ нэлээд туранхай байсан гэсэн шүү дээ. Өвсгүй газраар ч нэлээн явж тэгэхээр энэ хугацаанд морьд тамирдаж, үхэх эрсдэл үүсэж байв уу?

-Байлгүй яах вэ. Бидэнд үнэндээ айлаас гуйгаад өвс аваад өгөх боломж ч байгаагүй. Яагаад гэвэл хавар болоод айлууд бүгд өөрсдөө зутарсан гаднаа өвстэй айл ч байгаагүй. Тиймээс өвс ч өгөөгүй. Зарим үед өөрсдөө энд тэндээс борог хамах зэргээр л аргалж байсан. Ер нь бол хүрэн морийг нь бараг үхэх юм болов уу гэж бодож байсан. Хэрэв үхвэл хүмүүс адуугаар тоглоод муу хэлнэ байх гэж бодож байсан ч монгол адууны тэсвэр тэвчээр, гайхамшгийг үгээр илэрхийлэх аргаггүй юм байна лээ. Үнэхээр өрөвдмөөр ч үе байсан. За одоо больё ачиж аваачаад гэр оронд нь өгье гэмээр ч үе байсан. Гэхдээ ямар ч байсан монгол адууны тэсвэр тэвчээр үнэт чанаруудыг харуулхын тулд болохоос нь болохгүй хүртэл явна гэсэн зарчимтай байсан учир бид мөн тэвчээртэй ажилласан.

Эцэст нь монгол адууны гайхамшигийг харуулж хоёр морь маань ямар ч байсан нутагтаа очсон. Сүүлд нэг очиход хоёулаа гахай шиг таргалаад гайхалтай сайхан амьтад болсон байсан

-Буурал болон Хүрэн морины баримтат кино хэзээ хаана гарах вэ?

-Киноны зураг авалт амжилттай өндөрлөж, монтаж хийх шатандаа явж байгаа. Баримтат киног удахгүй монголдоо гаргана. Мөн англи хоолойтойгоор олон улсад гаргахаар ажиллаж байна.

-АЧУУЛЖ ХҮРСЭН МОРЬ ЯАГААД БУЦААД НУТГИЙНХАА ЧИГИЙГ ОЛЖ ГҮЙГЭЭД БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ЭРДЭМТЭД ШИНЖЛЭХ УХААН ТАЛААС СУДЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Дэлхийн морьтнууд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш “Монгол адуу”-г сурталчилж бас судлах ажлууд хийгдсэн. Таны хувьд энэ хугацаанд монгол адуунаас харсан онцлох зан чанар нь юу байв?

-Монгол адуу болгонд байх шиг байна. Эх нутагаа гэсэн гайхамшигтай чанар. Энэ бол дэлхийн өөр ямар ч адуунд байхгүй. Хэдэн зуун км газар машинд ачигдаж очсон хэрнэ энэ чигт л байгаа гэж нутгийн зүг гүйнэ гэдэг бол гайхамшиг. Тэр зүг чиг олж байгаа зүйлийг эрдэмтэн судлаачид судлах хэрэгтэй байх. Яагаад зүг чигээ алдахгүй яваад байгаа юм. Ямар холбоос байгаад байна. Эсвэл далдын ямар нэг зүйл чиглүүлж өгөөд байгаа юм уу гэдгийг шинжлэх ухаан талаас нь судалж гаргаж ирвэл маш гоё харагдана гэж бодож байна.

Бас нэг сонирхолтой зүйл нь гүйж яваа морийг зарим газар замчилж өөрийн нутгаасаа гаргаж өгөөд буцдаг морьд бас хэд хэдэн удаа таарсан.

Мөн өөрийн үр төлөө гишгэдэггүй. Хамгийн сайнтайгаа нийлүүлэгт орж сайн талаа татаж явдаг, нийтлэг нэг гэр бүл шиг байдаг гэхчлэн олон онцлогуудтай юм байна лээ.

-Өмнөх баримтат киноны үеэр шууд дамжуулалт хийж олонд хүргэж байсан. Харин энэ удаа маш чимээгүй явах шиг боллоо. Яагаад ингэж хийх болсон бэ?

-Үндсэндээ олон өдрийн найраас айсан. Яагаад найр гэж байна вэ гэхээр өмнөх хоёр морийг гүйхэд газар болгонд өдөр бүр уулын орой хүмүүс байж байдаг байсан. Одоо л орж ирнэ гээд хүлээгээд сууж байдаг. Тэгээд уулзсан хүн бүр морьдтой зураг даруулах, харахыг хүснэ гээд гүйж яваа моринд төвөгтэй байх магадлалтай. Гүйж яваа зорилгыг алдагдуулж магадгүй байсан тул энэ удаа хэнд ч хэлэлгүй нам чимээгүй явсан. Энэ нь ч зөв болсон гэж бодож байгаа.

Гэрэл зургийг "Гайхамшигт монгол адуу" төслийн багийн зөвшөөрөлтэй ашиглав

ФОТО: 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө