ХАРАНХУЙ ХОТ: Зайсанд 1.5 тэрбумаар зам тавьсан хэрнэ "явган хүнд зориулсан нэг ч гэрэлтүүлэг" хийгээгүй байна /ВИДЕО/

ХАРАНХУЙ ХОТ: Зайсанд 1.5 тэрбумаар зам тавьсан хэрнэ "явган хүнд зориулсан нэг ч гэрэлтүүлэг" хийгээгүй байна /ВИДЕО/

Түгжрэлийг бууруулах чухал арга замуудын нэг нь хувийн авто машинаас татгалзах хэмээн түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар онцолдог ч иргэдийг явганаар аюулгүй зорчих орчин нөхцлийг бүрдүүлдэггүйн нэгэн жишээг бид энэ удаад сурвалжиллаа.

ВИДЕО: 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх "Хан Хиллс" хотхоны уулзвараас Зайсангийн замд нийлдэг 1 км гаруй үргэлжлэх засмал зам ямар ч гэрэл, гэрэлтүүлэггүйн улмаас "Харанхуй гудамж" болж, иргэд зорчиход эрсдэл үүсгэж байна. Бид тус байршилд оройны 21:00 цагийн үед очсон юм. Энэ бол ихэнх Улаанбаатарчуудын хувьд ажлаа тараад гэртээ харьдаг цаг. Биднийг тус зам дээр очиход огт гэрэлтүүлэггүйгээс харанхуй, мөн явган зорчигчийн замын хажуу талд хашлага байхгүйн улмаас иргэд хжуугийн жалга руу унах эрсдэлтэй үүсчээ.

Энэ замыг анх 2021 онд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын захирамжаар барьсан байдаг. Анх барихдаа хоёр урсгал бүхий 13.8 метр өргөнтэй бөгөөд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөж, улсын төсвийн 1.5 тэрбум төгрөг зарцуулсан юм. Гүйцэтгэгчээр "Даймонд Рөүд" ХХК шалгарсан бөгөөд зам ашиглалтад ороод даруй хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна.

Тас харанхуй энэ замаар иргэд зорчихоос өөр аргагүй. Учир нь Хан Хилс хотхоны уулзварыг зайсангийн замтай холбох цор ганц зам нь энэ.

Бид ойр орчмын оршин суугчдаас замын талаар тодруулахад  иргэд, "Орой ажлаа тараад явахаар такси олддоггүй тул ямар ч гэрэлгүй энэ замаар алхахаас өөр аргагүй болдог. Орой болгон л ингээд алхдаг даа. Гол нь энэ жалга руу унах эрсдэлтэй. Дугуйтай хүмүүс сайн харахгүй болохоор ирж мөргөчих гээд хэцүү л байдаг. Халтиргаа гулгаатай үед бүр л хэцүү болох байх. Уг нь гэрэлтүүлэгтэй болчихвол зүгээр байна. Манай ажлаас гэр хүрэх үүнээс өөр зам байхгүй. Ядаж ойр орчимд нь автобусны буудал хүртэл байхгүй болохоор ингээд л тас харанхуйд алхах шаардлага тулгардаг" гэсэн юм.

Ийнхүү Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдэлүүдийн нэг нь иргэд өөрсдийн автомашинаас татгалзах гэж түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар онцлон хэлдэг ч гэрэл болон явган зорчигчоо мартав уу, эсвэл туслан гүйцэтгэгч тал алдаа гаргав уу гэлтэй энэ мэт замууд Улаанбаатар хотын өнцөг булан бүрт үүгээр ч тогтохгүй байсаар байна.