2018 онд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жилийн хорих ялыг оноосон. Үүнээс тэрбээр гурван жилийн ялыг эдлээд байсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр /2023.09.27/ хугацаанаас нь өмнө сулласан гэх мэдээлэл гарсан.
Бид энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад, "Б.Махбалыг сулласан нь үнэн. Шүүгчийн захирамж гарсан тул хугацаанаас нь өмнө сулласан" гэдгийг тодотгосон. Тэгвэл Б.Махбалыг сулласан даруйд нь Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхэд хандан, "Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан Багануур дүүргийн шүүхийн захирамжийг эсэргүүцэж гомдол гаргасан" гэх мэдээлэл байна.
Сонирхуулахад, Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан үндэслэл нь, хоригдож байх хугацаандаа засрал хүмүүжлийг олж, үлгэр жишээ зан төлөвтэй болсон гэсэн хорих ангийн удирдлагын дүгнэлттэй холбоотой аж. Тодруулбал, хорих ангийн удирдлагын дүгнэлтийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд уг шийдвэрийг гаргасан байна.
Гэрэл зургийг ikon.mn сайтаас ашиглав.