Сургуулийнхаа ойролцоо найзтайгаа хамт автомашинд дайруулж ГССҮТ-д хүргэгдсэн охины хөлний хагалгаа амжилттай болсон гэв

Сургуулийнхаа ойролцоо найзтайгаа хамт автомашинд дайруулж ГССҮТ-д хүргэгдсэн охины хөлний хагалгаа амжилттай болсон гэв

Сонгинохайрхан дүүргийн 33 хороо Тахилтын замд энэ сарын 21-ны өдөр /2023.09.21/ зам тээврийн ноцтой осол гарч, Ерөнхий боловсролын 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа ойролцоох явган хүний гарцан дээр автомашинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа хоёр хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгсөн. 

Тэгвэл машинд дайруулж ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт хүргэгдсэн охины биеийн байдал тогтвортой байгаа аж. Түүний баруун хөлний шагайн хавчаар яс хугарсан бөгөөд хагалгаандаа амжилттай оржээ. Одоо үргэлжлүүлэн хамрын хагалгаанд орохоор бэлтгэж байгаа гэв.