Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй яамны удирдлагууд болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагч нар БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
“Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оны 06 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Тяньжин хотод ажиллаж, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөлтэй танилцаж, төслийг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах талаар “Тяньжин порт групп” ХХК-ийн удирдлагуудтай хэлэлцсэн. Улмаар Засгийн газар болон ЗТХЯ-ны зүгээс “Монголын төмөр зам” ТӨХК-д бие даан төсөлд оролцон хэрэгжүүлэх үүрэг өгсөн” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт онцолжээ.
“Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” байгуулагдсанаар Монгол Улсыг Евроазитай холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх аж.
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК