“Нийт шүүгчийн II чуулган” болж байна

“Нийт шүүгчийн II чуулган” болж байна

“Нийт шүүгчийн II чуулган” өнөөдөр (2023.09.28) Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулахаар заасан байдаг. Чуулганыг Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Батсуурь нээсний дараа оролцогчид даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатарыг сонгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчид хандаж мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй нь шүүх эрх мэдлийн хөгжлийн цаашдын чиг хандлагад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гэвч, энэхүү хөгжлийн бодлогыг зөвхөн цаасан дээр буулгаад орхих биш бодит үр дүнд хүргэхийн төлөө төр засаг, ард иргэд бүгд шүүх засаглалыг дэмжин ажиллах учиртай” хэмээн онцолсон юм. Мөн цаашид хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй асуудал олон байгаа ч Монголын төр засаг, шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх дэс дараатай арга хэмжээг шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхийн байрыг шийдвэрлэх асуудал бол угтаа иргэдийн эрхийн баталгааг хангаж буй асуудал болохоос биш шүүх эрх ямбыг нэмж байгаа асуудал огтоос биш гэв. Түүнчлэн шүүхийн цахимжилт чухал болохыг онцлоод дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүгчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улс шүүхийн захиргааны бие даасан загварыг анх удаа нэвтрүүлж, энэ нь өмнөх загваруудаас олон давуу талтайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа харуулж байна” гэв. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж, Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөлд шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тухайлан тогтоох бодлого нь хэтдээ шүүхийн захиргааны албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байдалд эерэг дүн авчрах ач холбогдолтой” гэлээ. Тэрбээр шүүхийн цахимжилтын давуу талыг онцолж, цахимжилт бол шүүх, шүүгчийн ачааллыг бууруулаад зогсохгүй шүүхээс үйлчилгээ авч буй иргэдэд ч ач холбогдолтойг дурдаж байлаа. Түүнчлэн “Шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт болон шүүгчийн зохист ачааллыг ШЕЗ баталсан нь хэтийдсэн ажлын ачааллыг шийдвэрлэхгүй ч, өдөр тутам илүү цагаар ажиллаж буй шүүгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах шалгуур болох ёстой” хэмээн онцлов.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр хэлсэн үгэндээ Шүүхийн тухай хуулиар шүүгчдэд дотоод ардчилал, шүүхийн хараат бус байдлыг хангах эрхийг өгсөн гээд шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж байгаа үйл явдалд Шүүхийн ерөнхий зөвлөл дуу хоолойгоо хүргэж, манлайлж ажиллахыг хүссэн юм.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Нийт шүүгчийн чуулган нь Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тайланг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцдэг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021-2023 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайлантай ЭНД ДАРЖ танилцана уу. Мөн Шүүхийн сахилгын хорооны тайланг тус хорооны дарга Х.Хашбаатар танилцуулсан юм.

Дараа нь нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж батлав.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэв. Санамсаргүй аргаар хэрэг хуваарилах процессыг сайжруулах, давж заалдах шатнаас буцсан хэргийг хуваарилах болон бүрэлдэхүүний шүүгчийг санамсаргүй аргаар сонгоход программ ашиглах асуудлыг хэлэлцэж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол баталлаа.

Чуулган үдээс хойш “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил”, “Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Чуулган маргааш (2023.09.29) шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” хэлэлцүүлгээр үргэлжилнэ.