С.Өмирбек: Шүүхийг бүсчилж байгуулахдаа иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах асуудлыг харгалзах ёстой /ВИДЕО/

С.Өмирбек: Шүүхийг бүсчилж байгуулахдаа иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах асуудлыг харгалзах ёстой /ВИДЕО/

Шүүхийг байгуулах тухай хууль батлагдаж, тойргийн шүүхтэй болбол үйлчлүүлж байгаа иргэдийн эрх зөрчигдөх боломжтой эсэхийг Баян-Өлгий аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч С.Өмирбекээс тодрууллаа.

ВИДЕО:

-Шүүхийг байгуулах тухай хууль батлагдаж, тойргийн шүүхтэй болбол үйлчлүүлж байгаа иргэдийн эрх зөрчигдөх үү?

-Шүүх байгуулах тухай хууль өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа батлагдаж, мөрдөгдөж байсан. Тухайлбал 2013 онд шүүхийг байгуулах тухай шинэчилсэн найруулгаар шүүхүүдийг бүсчилж байгуулсан байгаа. Үндсэн хуульд зааснаар шүүхийг шинээр байгуулж болно. Ингэхдээ хамгийн эхэнд шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг баталгаатай хангах зарчмыг харгалзаж үзнэ гэж заасан байгаа. Мөн хоёрдугаарт иргэдэд хүргэх шударга ёсны үйлчилгээний хүртээмжийг харгалзаж үзнэ гэж заасан. 

-Шүүхийг тойргийн журмаар байгуулсан тохиолдолд Баян-Өлгий аймгийн иргэд шүүхээр үйлчлүүлэхдээ хүндрэл чирэгдэл гарах асуудал байгаа юу?

-Шүүхийн тухай хуульд зааснаар тухайн иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг баталгаатай хангах боломжийг мөн шударга ёсны үйлчилгээг авах нөхцөлийг хангалттай бүрдүүлсэн байхыг шаарддаг. Тэгэхээр Баян-Өлгий аймгийн давж заалдах шүүхийг Ховд аймагт байгуулахаар хуулийн төсөл тусгагдсан байна. Ховд аймгийн давж заалдах шүүх болон Баян-Өлгий аймгийн давж заалдах шүүх өмнөх практикаараа 2013-2016 онд үйлчилж байсан шиг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулах гэж байна. Нөгөө талаар Ховд аймагт байдаг захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамтад нь шинээр өөрчлөн байгуулах тухай тусгасан байгаа. Ингэхдээ мөн адил иргэдэд шүүхийн үйлчилгээ чирэгдэлгүй авч чадах эсэх нь чухал. Хүсвэл иргэн өөрөө шүүхэд биеэр үйлчлүүлж болно мөн давж заалдах шүүх дээр иргэн ирэлгүй цахимаар оролцож болно гэж бий. Ховд аймгийн Булган сумын иргэн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд ирж оролцох эсэхийг харгалзаж үзэх байх.