ШУУРХАЙ: 7 настай С хүүг Дорнод аймгийн "Хэрлэн гол"-ын орчимд нас барсан байхад нь олж, Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж байна

2023-09-28 21:46

ШУУРХАЙ: С хүүгийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулж 34 настай “Б” гэгчийг шалгаж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны орой гарсан 7 настай С хүүг Дорнод аймгийн Хэрлэн голын орчимд нас барсан байхад нь өнөөдөр /2023.09.28/ олсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “С хүүгийн амьдардаг гэрийн ойролцоох камерт хойд аав нь байж болзошгүй нэгэн эрэгтэй С хүүтэй хамт тээврийн хэрэгсэлд сууж байгаа нь үлджээ. Иймд цагдаагийн байгууллагаас С хүүгийн үхэлд хойд аавыг нь сэжиглэн шалгаж эхлээд байгаа аж.

Мөн энэ талаар ЦЕГ-аас, "Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын 3 дугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж байна" гэж мэдэгдлээ.

2023-09-28 20:43

ШУУРХАЙ: 7 настай С хүүг Дорнод аймгийн "Хэрлэн гол"-ын орчимд нас барсан байхад нь олж, Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ сарын 25 /2023.09.25/-ны орой 17:00 цагт гараад сураггүй болоод байгаа долоон настай С хүүг өнөөдөр /2023.09.28/ Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн нисэх бүрэлдэхүүн хайж эхэлсэн. 

Тэгвэл өнөө орой 19:00 цагийн орчимд Хэрлэн голын орчмоос С хүүг нас барсан байдалтай олсон байна. Мөн түүнийг гэрээс гарсан өдрөө буюу энэ сарын 25-ны өдөр нас барсан гэж тооцоолж байгаа аж. Ямартай ч яг одоо Дорнод аймгийн цагдаагийн газар хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.