Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг 2018 онд ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалыг энэ сарын 27 /2023.09.27/-ны өдөр Баганнуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар сулласан байдаг.
Харин энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн хэргээр 1 жил 10 сарын хорих ял шийтгэгдсэн Д.Мөнх-Эрдэнийг магадланд оруулахгүй байхаар хорих ангийн удирдлагууд ажиллаж байна гэх утга бүхий мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харъяа хорих 413 дугаар ангид ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийнхэнтэйгээ уулзах хугацааг 30 хоног хориглох тушаал гарсан талаарх мэдээлэл гараад байна.
Тэгвэл энэ талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өгөхдөө, "Д.Мөнх-Эрдэнийг хорих ангийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэлээр түр уулзалтыг нь 30 хоног хориглосон байна. Учир нв тэрбээр хорих ангийн хянагч нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн байж магадгүй" гэсэн юм. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр "Хорих ангийн удирдлагууд Д.Мөнх-Эрдэнийн утсаар ярьж буй бичлэг болон цахим уулзалтыг нэг бүрчлэн тэмдэглэж авч байсан нь түүнийг ийнхүү эсэргүүцэл илэрхийлэхэд нөлөөлсөн" гэлээ. Харин хорих 413 дугаар ангийн дарга А.Батхуягийн энэхүү шийдвэрийг Д.Мөнх-Эрдэнийн ар гэрийнхэн нь эсэргүүцэж, "түүнийг магадланд оруулж суллахгүй байх шалтаг болгож, ийнхүү арга хэмжээ авч байна" гэх байр суурийг илэрхийлж байгаа аж.
Иймд энэхүү асуудалтай холбогдуулж ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь хорих 413 дугаар анги руу өчигдөр /2023.09.28/ хяналт шалгалт хийхээр явсан байна. Тус алба хаагчид дээрх хорих ангид ажиллаж, дүгнэлт гаргах аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.