СУРВАЛЖИЛГА: 6-14 насны гурван хүүхэдтэйгээ угаартаж нас барсан эмэгтэйг "Яндангаа авч, өрхөө бүтээсэн байсан" гэх нөгөө л дүгнэлтийг хэлж байна

СУРВАЛЖИЛГА: 6-14 насны гурван хүүхэдтэйгээ угаартаж нас барсан эмэгтэйг "Яндангаа авч, өрхөө бүтээсэн байсан" гэх нөгөө л дүгнэлтийг хэлж байна

Жил бүр галлагааны улирал эхлэхтэй зэрэгцээд гэр бүлээрээ угаартаж, амь насаа алдсан гэх харамсалтай мэдээлэл гардаг. Энэ намар ч мөн нэг өрхийн дөрвөн иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алдсан нь олны сэтгэлийг сэрд хийлгэлээ. Улмаар цахим орчинд энэ мэтээр гэр хороололд амьдарч буй иргэд утаагүй гэх шахмал түлшинд гэр бүлээрээ угаартаж, амь насаа алдсаар байх уу гэх асуултын хариултыг хайж эхлээд байна.  Албаныхан "Иргэд яндангаа авч, өрхөө бүтээснээс угаартаж, амь насаа алдсан. Утаа мэдрэгчээ салгасан байсан" гэхчлэнгээр иргэдэд бүх бурууг өгч, өнөөдрийг хүртэл амь насаа харамсалтайгаар алдсан иргэдийн өмнө нэг ч албан тушаалтан хариуцлага хүлээсэн. 

-33 НАСТАЙ ЭМЭГТЭЙ 6-14 НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ УГААРТАЖ НАС БАРСАН ХЭРЭГТ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ-

Энэ удаад мөн хариуцлага хүлээхгүй бололтой. Учир нь 6-14 насны гурван хүүхэдтэйгээ угаартаж нас барсан эмэгтэйг мөн л "Яндангаа авч, өрхөө бүтээсэн байсан" гэх дүгнэлт гарч буй бололтой. Тиймээс бид бодит байдал дээр чухам юу болсныг тодруулж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутагт оршин суух хаягтай тухайн айлын талаарх мэдээллийг эрэн хайсаар Эрдэнэтолгой гэх газарт очив.

Талийгаач нарын буяны ажил гараагүй бололтой хөл хөдөлгөөн их. Энх цагт нэг гэр бүлийн дөрвөн хүнээ алдсан ар гэрийнхний уй гашуу үнэхээр сэтгэл өвтгөж, зүрх зүсэм. Бид тэдэнд эмгэнэл илэрхийлж, зорьсон хэргийнхээ талаар хэлтэл "Мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Буяны ажилтай байгаа тэдний сэтгэл зүйг ойлгож, "Магадгүй хууль хүчний байгууллага, холбогдох албаныхан ч энэ талаар мэдээлэл өгөхгүй байхыг үүрэгдсэн байж болзошгүй" гэх хардлага тээсээр бид тэндээс буцав. 

-ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРСАН Ч "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ, ХЯНАЛТ ТАВЬЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА- 

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шахмал түлш борлуулдаг хоёр цэг байдаг аж. Тэнд хэдийнээ нүүрс зараад эхэлжээ. Харин галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл, хяналт шалгалт хийгдэж эхлээгүй байгаа талаар иргэд хэлж байна. Мөн иргэд "Угаартаж амиа алдсан хүүхдүүдийг 6-14 насныхан байсан. Үнэхээр харамсалтай. Шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш олон айл гэр бүлээрээ угаартаж нас барж байна. Энэ бүх мэдээллийг сонсоод, нүдээр үзээд шахмал түлш түлэхээс ч айж байна. Өмнө нь түүхий нүүрсээ түлж байхад ийм харамсалтай мэдээлэл тун цөөхөн сонсож байсан. Одоо бүүр ийм байх ёстой. Гэр бүлээрээ угаартаж, амь насаа алдахад нь хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг боллоо" гэцгээж байлаа. 

Тиймээс бид тус хорооны Засаг дарга Б.Тулгатай уулзаж энэ талаар тодруулахад "Манай хороонд шахмал түлш борлуулдаг хоёр цэг байдаг. "Тавантолгой түлш"-ийнхэнтэй хамтран удахгүй хяналт шалгалтаар явна. Талийгаачдын талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа" гэх мэдээллийг өглөө. Тиймээс цагдаагийн байгууллагаас эл хэргийн шалгалтын ажиллагааны талаар лавлахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. Харин өөр нэгэн эх сурвалжаас тухайн хэргийн талаар асуухад "Тухайн айлыг өрхөө бүтээж, яндангаа авсан байсан. Тиймээс угаартсан байх" гэдгийг хэлсэн юм.   

-ЭНХ ЦАГТ ГЭР БҮЛЭЭРЭЭ УГААРТАЖ АМЬ НАСАА АЛДСААР БАЙХ УУ-

Эргэн сануулахад, өнгөрсөн хавар буюу Хүүхдийн баярын өмнөх өдөр олон хүн угаартаж, эмнэлэгт хүргэгдсний найм нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид тухайн үед Баянгол дүүрэгт аав, ээж хоёр нь бага насны хүүхэдтэйгээ угаартаж, нас барсан хэргийн талаарх бодит мэдээллийг хүргэхээр тухайн айлд очсон ч мөн л "мэдээлэл өгөхгүй" хэмээж байсан юм.  Энэ бүхнээс үзэхэд, угаартаж амь насаа алдсан иргэдийн ар гэр энэ талаар дуугарахгүй. Энэ байдал хэвийн үзэгдэл мэт болж, энх цагт гэр бүлээрээ угаартаж, амь насаа алдсаар, үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй, хохирсон нь хохироод үлддэг нийгэм л бий болох бололтой.