ОУ-ын хүний эрхийн байгууллагууд гүтгэлгийг  эрүүгийн хуулиар шийдвэрлэж ял эдлүүлэх нь  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэжээ

ОУ-ын хүний эрхийн байгууллагууд гүтгэлгийг эрүүгийн хуулиар шийдвэрлэж ял эдлүүлэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэжээ

Гүтгэлгэд үндэслэсэн аливаа хууль эрх зүйн хязгаарлалт нь бусдын нэр хүндийг хамгаалах зорилго агуулах ёстой бөгөөд энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах гурван хэсэгт шалгуурын хоёр дахь хэсгийн хууль ёсны зорилго юм.

Гэвч гүтгэлгийн эсрэг зарим хуулийг боловсруулахдаа “хуульд заасан” гэсэн шаардлагыг хангах хэмжээний нарийвчлалыг хангаагүй, үгүй бол хүний нэр төрийг хамгаалах шаардлагатай болон зохистой байдлаас хэтэрсэн байна. Энэ бүлэгт эхлээд  зохистой шийтгэл болон гүтгэлгийн эсрэг эрүүгийн хуулийн тухай авч үзээд дараа нь гүтгэлэгтэй холбоотой иргэний хэрэг дээр үүсдэг нэг хэсэг асуудлын талаар хэлэлцэнэ. Дараагийн хэсэг төрийн албан тушаалтан, улс төрчдийн эсрэг үүсгэсэн гүтгэлгийн шинжтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бөгөөд эцэст нь олон нийтийн бодлогын эсрэг стратегийн нэхэмжлэлээр гүтгэлгийн тухай хуулийг урвуулан ашиглахыг хязгаарлах зорилготой хуулиудыг тоймлон авч үзье.

Хуулийн өөр өөр тогтолцоонд доромжлох, нэр хүнд гутаах, гүтгэх гэх мэт гэмт хэргүүдийг хооронд нь ялгаж тогтоож болох тул гүтгэлэг гэдэгт бид нэр төртэй холбоотой гэмт хэргийг ерөнхийд нь хамааруулна гэдгийг анхаарна уу.

-Эрүүгийн шийтгэл ба зохистой бус шийтгэл-

Гүтгэлгийн тухай эрүүгийн хуулиуд, ялангуяа хорих ялаар шийтгэх заалттай хууль нь олон улсын хүний эрхийн хуульд нийцдэггүй. Гүтгэсний шийтгэл болгон хорих ял оноох нь хэзээд зохистой шийтгэл биш юм. Учир нь хүний эрх чөлөөг хязгаарлах нь хатуу шийтгэл бөгөөд үүнээс бага  хэмжээгээр залхаах иргэний эрхийг хамгаалах хэрэгсэл ч хүний нэр хүндийг зохих ёсоор хамгаалдаг. Цаашилбал, хорих шийтгэл нь үгээ хэлэхийг хязгаарлах, мөн олон нийтийн ашиг сонирхлын асуудлаарх мэтгэлцээнийг дарах ноцтой эрсдэлийг бий болгодог.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ стандартыг улам бүр хүлээн зөвшөөрч, гүтгэлгийг эрүүгийн хуулиар шийдвэрлэж ял эдлүүлэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэж үзжээ. Тухайлбал, Хүний эрхийн хороо 34-р ерөнхий саналдаа, улс орнуудыг гүтгэлгийн хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй байхыг уриалж, эрүүгийн хууль зөвхөн “хамгийн хүнд тохиолдолд” үйлчлэх ёстой бөгөөд “хорих ял бол хэзээд зохистой шийтгэл биш” гэж тэмдэглэжээ.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаарх олон улсын тусгай мандат зэрэг бусад олон эрх мэдэл бүхий мэдэгдэлд хорих ял нь зохистой шийтгэл биш гэдгийг нотолсон ба/эсвэл гүтгэлгийг эрүүгийн хуулиар шийдвэрлэх явдлыг бүхэлд нь халахыг уриалсан.

Африкийн Хүний болон Ард түмний эрхийн шүүх гүтгэлгийн төлөө шоронд хорих нь зохистой шийтгэл биш гэдгийг тодорхой баталсан. Энэхүү чухал шийдвэрийн дараа Баруун Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэгийн шүүх болон Зүүн Африкийн шүүхээс ижил төстэй шийдвэр гаргасан. Америк хоорондын болон Европын хүний эрхийн шүүхүүд энэ стандартыг ийм тодорхой батлаагүй байна. Энэ хоёр шүүх хоёулаа гүтгэлгийн хэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж торгууль, эсвэл хэдэн сарын хорих ялыг тэнсэн харгалзах шийтгэл оноодог. Гэвч аль аль нь хорих ялыг хэзээд зохистой шийтгэл биш гэж шууд мэдэгдээгүй ч хоёулаа гүтгэлгийн хэрэгт оноох эрүүгийн шийтгэлд хатуу хязгаарлалт тогтоож, шийтгэлийг онцгой тохиолдолд л хэрэглэх ёстой гэж мэдэгджээ. Хоёр шүүх гүтгэлгийн хэрэгт  хорих ял ногдуулах нь зохистой шийтгэл биш болохыг тогтоосоор ирсэн, энэ нь ялангуяа нийтийн ашиг сонирхол, мэтгэлцээнтэй холбоотой үг хэлсэн тохиолдолд бүр ч хамаатай юм. Европын Хүний эрхийн Их Танхим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэний төлөө хорих ялыг "онцгой нөхцөл байдалд, ялангуяа бусад үндсэн эрх ноцтойгоор хохирсон тохиолдолд, тухайлбал үзэн ядалтыг дэвэргэсэн үг хэллэг, хүчирхийллийг өдөөн турхирсан тохиолдолд" оноох ёстой гэж мэдэгджээ. Ерөнхийдөө, тэдний хууль тогтоомжоор гүтгэлгийн хэрэгт эрүүгийн хариуцлагыг маш хязгаарлагдмал ангиллын хэрэгт хүлээлгэх ёстой гэж үздэг бөгөөд хорих ялын тухайд бол, ер нь оноох юм бол маш ховор тохиолдолд л оноох юм.

Гүтгэлгийн хэргийг шийдвэрлэдэг иргэний хууль болон шүүхийн шийдвэр ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих тохиолдол байдаг. Гэвч энд, гүтгэлгийн эсрэг эрүүгийн хуульд хамаардгаас ч илүүтэйгээр шийтгэлийн зохистой байдлын нарийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зүй бусаар хязгаарлахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Гэвч гүтгэлгийн эсрэг иргэний хуулиар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зүй бусаар хязгаарлахаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай хэд хэдэн үндсэн хамгаалалтыг олон улсын жишигт тодорхойлсон байдаг. Тэдгээрийг энд товч тоймлов.

Үнэнийг  хэлсний төлөө гүтгэлгийн хуулиар шийтгэж болохгүй. Иймээс гүтгэлгийн хэрэгт буруутгагдсан хүнд хэзээ ч үнэн өөрийг нь хамгаална гэсэн итгэл найдвар байх ёстой, эсвэл, эсрэгээрээ нэхэмжлэгчээс худал гэдгийг нотлохыг шаардаж болно. Энэхүү хамгаалалт нь нийтлэг хууль болон иргэний эрх зүйн аль алинд нь байдаг уламжлалтай боловч тэр бүр нэгдмэл ойлголт илэрхийлдэггүй. Олон улсын жишгээр гүтгэлэгтэй холбоотой бүхий л хэрэгт ийм хамгаалалт байлгахыг шаарддаг. Нэхэмжлэлийн худал болохыг нотлох үүргийг нэхэмжлэгчид шилжүүлэх нь хуулийн өөр нэг арга зам юм. Олон улсын стандартаар гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл нь олон нийтийн анхаарлыг татсан асуудалтай холбоотой тохиолдолд ийм арга замыг улам бүр шаарддаг. Ийм үед нотлох үүргийг нэхэмжлэгчид шилжүүлэх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн асуудлаарх мэтгэлцээнийг нээлттэй байлгахад тустай бөгөөд нийгмийн зүтгэлтний нэр холбогдсон гүтгэлгийн олон маргаанд угийн эрх мэдлийн тэнцвэргүй байдал байдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гүтгэлгийн тухай хуулиар үзэл бодолд шийтгэл оноох ёсгүй, үзэл бодол бол уг чанараараа шалгах боломжгүй зүйл юм. Европын хүний эрхийн шүүхээс тэмдэглэснээр “баримт ба хувь хүний дүгнэлтийг (value-judgments) сайтар ялгах хэрэгтэй. Баримт байгаа эсэхийг нотлох боломжтой, харин хувь хүний дүгнэлтийг үнэн эсэхийг нотлох аргагүй юм.” Үүний адилаар Америк хоорондын хүний эрхийн шүүх  “хүний санаа бодолд шийтгэл оноох боломжгүй” гэж тэмдэглэсэн байдаг.

Мэдэгдэл худал байсан ч мэдэгдлийн эзэн хатуу хариуцлага хүлээх ёсгүй, ядаж л энэ мэдэгдэл нь олон нийтийн ашиг сонирхлын талаарх маргааны нэг хэсэг болдог. Хатуу хариуцлага хүлээлгэх нь шударга алдаанд хангалттай хамгаалалт болж чадахгүй. Жишээлбэл, хичээнгүй сэтгүүлч ч алдаа мадагтай мэдэгдэл хийх үе байдаг, ялангуяа найдвартай эх сурвалж олоход хэцүү, эмзэг асуудлаар мэдээлэл хийх үед алдаа гаргах боломжтой. Иймээс "үндэслэлтэй нийтлэл"-ийг өмгөөлөх хамгаалалт бэлэн байх ёстой юм. Энэ хамгаалалтыг тухайн нөхцөл байдалд тэр мэдэгдлийг хийх үндэслэл байсан тохиолдолд хэрэглэнэ. Эсвэл ижил төстэй хамгаалах хэрэгсэл нь ижил төстэй хамгаалалтыг хангаж болно, тухайлбал илтгэгч сайн санааны үйл хийсэн гэх мэт. Сэтгүүлчдийн хувьд үндэслэлтэй байдлыг сэтгүүлчийн ёс зүйн стандартын дагуу тогтоож болох юм. Энэ асуудалд Европын хүний эрхийн шүүх хэрхэн хандсан талаарх жишээг доор гаргалаа.

Хүний эрхийн хороо мөн “шүүмжлэлийн сэдэв олон нийтийн сонирхлыг татсан нь хамгаалалт болно гэж хүлээн зөвшөөрөх ёстой” гэж тэмдэглэжээ. Хэлсэн үг олон нийтийн хууль ёсны ашиг сонирхлын асуудалд хамаатай тохиолдолд гүтгэлгийн хариуцлага нь үг хэлэх эрх чөлөөнд харьцуулшгүй дарамт учруулах магадлал өндөр байдаг, учир нь энэ нь илтгэгчийн амыг барихаас гадна олон нийтийн ач холбогдолтой асуудлын талаар илүү өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл олж авахад саад учруулах эрсдэлтэй.

Эцэст нь, дижитал эрин үед гүтгэлгийн тухай дүрэм журамтай холбоотойгоор шинэ асуудлууд гарч ирж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ерөнхий стандарт нь контентын ямар ч төрлийн хязгаарлалтын нэгэн адил  онлайнаар гүтгэх асуудалд мөн хамаарна.86 Жишээлбэл, "цахим гүтгэлэг"-ийн тусгай хууль гаргах нь тийм ч зохимжтой биш, учир нь хүмүүс үгээ онлайнаар хэллээ гэж улс орнууд контентын шинэ хязгаарлалт, стандартыг бий болгох ёсгүй. Гэвч онлайн гүтгэлэгтэй холбоотойгоор зарим онцгой асуудал гарч ирдэг.

Жишээ нь: Зөвлөмж болгож буй илүү сайн туршлага бол "ганц нийтлэлийн дүрэм" юм. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тогтоох зорилгоор контентыг интернэтэд нийтэлсэн анхны тохиолдлыг л тооцох ба хохирлыг барагдуулах нэг л нэхэмжлэл гаргахыг зөвшөөрдөг.87 Интернэтийн эрин үед олон нийтлэлийн дүрэм нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэвлэн нийтлэгчийг үндсэндээ эцэс төгсгөлгүй хариуцлага хүлээхэд хүргэх болно.

Дижитал эрин үе нь өөрт тохирох шүүхийг хайх (“forum shopping”),  “гүтгэлгийн аялал жуулчлал”-ын (“libel tourism”) асуудлыг ихээхэн хурцатгаж, гүтгэлгийн хэрэг үүсгэсэн хүмүүс өөрсдийн нэхэмжлэлд хамгийн таатай харьяаллыг зүй бусаар сонгодог болжээ. Энэ нь “хамгийн бага ерөнхий хуваарь” (“lowest common denominator”) гэх хандлагыг бий болгосноор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд муугаар нөлөөлнө. Улс орнууд өөрсдийн дотоод шүүх эрх мэдлийн дүрэмдээ өөрчлөлт оруулах замаар ийм практикийг багасгахын тулд талууд зөвхөн их хэмжээний хохирол амссан харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байх талаар бодож үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: Монголын Хэвлэлийн Хүрээлэн